...
...

825 хүн зам тээврийн ослын улмаас хүнд, хөнгөвтөр гэмтжээ

Манай улс нь харьцангуй тайван амгалан улсын тоонд ордог. Гэвч энэ нь зүгээр л гаднаасаа харагдах байдал төдий ажээ. Тухайлбал, зам тээврийн ослоос болж жилд л гэхэд 7500 гаруй хүн зам тээврийн осолд өртөж, 2200 гаруй хүн зам тээврийн ослоос болж амь насаа алддаг харамсалтай тохиолдол бүртгэгддэг байна. Энэ нь цөөхөн хэдэн хүн амтай Монголчуудын хувьд маш их тоо юм. Бараг л дайн болж байгаа орнуудаас ялгарахааргүй байгаа нь харагдана.

Ганцхан жишээ дурьдахад л энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 825 хүн зам тээврийн ослоос болж гэмтсэнээс 247 хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Үүний 37 нь хүүхэд, 18-37 насны 90 хүн, 36-54 насны 78 хүн, 55-аас дээш 42 хүн нас барсан. Дээрх ослын 64 нь Улаанбаатар хотод гарсан хэрэг юм. Энэ бол үнэхээрийн аймшигтай үзүүлэлт юм.

ЗЦГ-ын УСОНХ хэлтсийн мэргэжилтэн Л.Ундармаа:

"Сүүлийн үед зам тээврийн осол ихээр бүртгэгдэх болсон. Өчигдрийн байдлаар Замын цагдаагийн газарт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй дуудлага 260 байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч 23 бүртгэгдэж, осол гаргасан жолооч 3, хүүхэд гэмтсэн осол 4 гарсан. Өдөрт 2-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг. Мөн орон нутагт хүүхэд зам тээврийн осолд өртөх амь насаа алдах явдал гарсаар байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13-ын 2.7 дээр эцэг эх, асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлээгүйгээс болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх байдал нэлээн гарч байна. Есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатарын хэмжээнд нийт 92 хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг тав нь эцэг эх хариуцлагаа биелүүлээгүйгээс болсон юм. Баян-Өлгий аймагт 2 настай хүүхэд явган зорчиж байгаад зам тээврийн осолд өртсөн. Баянхонгор аймагт 2 хүүхэд амь насаа алдсан. Төв аймагт 7 настай хүүхэд машин осолдсоны улмаас нас барсан гэх мэт хэргүүд гарч байна. Энэ нь орон нутгийн замд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундаа хэрэглэж, хурд хэтрүүлэн, анхаарал болгоомжгүй явдаг, ялангуяа шөнийн цагаар гэрэл шилжүүлдэггүйн улмаас шалтгаалж байна. Хоёр настай хүүхэд зам тээврийн осолд өртөж байна гэдэг бол 100 хувь эцэг эхийн хараа хяналтгүй байдлын улмаас гарч байгаа хэрэг юм. Тиймээс эцэг эхчүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг судалж мэдсэн байх, хүүхдэдээ зам гарахдаа болгоомжтой байхыг тогтмол хэлж занших хэрэгтэй. Хүүхдүүд голдуу сургууль, гэр гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртөж байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх болон харгалзах хүний хамт зорчуулах хэрэгтэй гэдгийг онцлон хэлье" гэлээ.

Энд дурьдсан тоо баримтыг сонсоход л уншигч таны сэтгэл хирдхийж байгаа байх. Гэвч энэ бол үнэн тоо баримт юм. Бид хэрэв одоо л ирээдүй болсон бяцхан үрсдээ анхаарал тавьж, замын хөдөлгөөний дүрмээ чанд дагаж мөрдөх хэрэгтэй байгаа юм.

Дээрх тоог багасгахын тулд Замын цагдаагийн газраас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж байна. Тухайлбал,

  • "School police"-ийг сургуулийн ойр орчимд ажиллуулах
  • Хүүхдийн автобусанд хяналт шалгалтыг хийх
  • Намар өвлийн улирал эхлэхээр эрт харанхуй болдогтой холбоотойгоор баруун гарт нь ханцуйвч зүүлгэхээр болсон

гэх мэт ажлуудыг хийж байгаа юм. Энэхүү ажлыг 10-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар Петровис ХХК, Юнител групп ханцуйвч хийхэд хамтран ажиллахаар болоод байгаа юм байна. Аж ахуйн нэгж байгууллагууд энэ ажилд хамтраач, ирээдүй болсон хүүхдүүдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө нэгдээч ээ гэж  Замын цагдаагийн газраас уриалж байгаа юм байна. Мөн зам тээврийн осол ихээр гардаг сургуулиудын ойр хавиар самбарыг байршуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 22 самбарыг хийгээд байна.

Хотод гарч байгаа осолд өртдөг хүмүүсийн ихэнх нь явган зорчигч байдаг бол хөдөө орон нутагт эсрэгээрээ машинаар зорчихдоо осолд орох нь их байдаг байна. Мөн хурд хэтрүүлдэг нь осол их гарах болох шалтгаан болдог ажээ.

Монголчуудын хамгийн том алдаа бол архи уусан үедээ машин барьдаг явдал. Уг нь архи уусан үедээ машин барьж болохгүй гэдгийг ямар ч тэнэг хүн ухаармаар. Гэвч энэ байдал засрахгүй л байна. Сүүлийн гурван өдөр буюу 9-р сарын 25-27-ны өдөр л гэхэд согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18 хүн зам тээврийн осолд холбогджээ. Мөн согтуугаар 108 жолооч журамлагдсан байна. Хэрэв эдгээр хүмүүсийг журамлаагүй бол хэчнээн хүн осолд орж, амиа насаа алдах байсныг хэлж мэдэшгүй. Явган зорчигч нь ч, жолооч нь ч дүрмээ сайтар баримтлахгүй бол цөөхөн монголчууд бид автозам дээр нэгнээ хороосоор байх уу?

Б.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ