...
...

Монгол улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 102-т оржээ

Жил бүр улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь эрэмбэлсэн судалгааг ОУ-ын валютын сангийн дэлхийн эдийн засгийн судалгаагаар тайлагнадаг. Манай орны хувьд өрсөлдөх чадварын судалгааг гаргахдаа статистик мэдээлэл болон бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулга гэсэн хоёр үзүүлэлтээр үндэслэн гаргадаг байна. Энэ жилийн тухайд Монгол улс нь өрсөлдөх чадвараараа 102-т бичигдсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй хангалтгүй үзүүлэлт гэж үзэж болох юм.

Өнгөрсөн жил Манай улс өрсөлдөх чадварын индексээрээ 140 орноос 104-т орсон жагсаж 3,8 оноо авч байсан. Гэтэл энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс огт ахисан үзүүлэлт гараагүй байна. Аливаа орны өрсөлдөх чадварыг нийт 7 оноогоор дүгнэдгээс энэ жилийн хувьд манай улс нь 3,8 оноогоор 102-т бичигджээ. Одоогийн байдлаар Манай орон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар 2030 он гэхэд эхний 70 орны тоонд орно гэсэн зорилтыг тавиад байгаа юм байна. Гэхдээ энэ нь одоо байгаа үзүүлэлтээс үзэхэд маш их хугацаа орно гэдгийг харуулж байгаа юм. Дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг улсуудын тоонд Швейцарь, Сингапур, Америк гэх мэт улс багтдаг. Эдгээр орнуудтай харьцуулахад манай улс тун хангалтгүй үзүүлэлтэй байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, төр засгийн тогтворгүй байдал манай оронд үүсч байгаа нь энэхүү үзүүлэлтэд нөлөөлсөн байж болох юм. Үүнтэй холбогдуулан Монгол улсын өрсөлдөх чадварын судалгааг танилцууллаа.

         Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн ажилтан Д.Оюунбадам

"Улс орны өсөлтийг тодорхойлдог 12 үзүүлэлтээс манай орны хувьд хэдхэн үзүүлэлт дээр бага зэргийн ахиц гарсан байна. Тухайлбал макро эдийн засгийн орчин гэдэг үзүүлэлтээр 0,4 хувиар, Дээд боловсрол мэргэжлийн сургууль, технологийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр 0,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан. Технологийн бэлэн байдлын түвшний үзүүлэлт өсөхөд интернэтийн хурд болон интернэт хэрэглэгчдийн тоо өсдөг. Харин Макро эдийн засгийн түвшин өсөхөд инфляцийн түвшин бага зэрэг буурдаг юм. Өмнөх судалгаагаар инфляцийн түвшин 12,9 хувь байсан бол саяны судалгаагаар 5,9 хувь болж буурсан. Мөн судалгаагаар

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх өрийн түвшин 76,5 хувь,
  • Төсвийн алдагдал 8,3 хувь гэсэн тус тус үзүүлэлт гарсан.  

Өрсөлдөх чадварын судалгааг статистик мэдээллийн үзүүлэлтээр болон бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулгад үндэслэн гаргадаг юм" гэлээ.

Судалгаанаас үзэхэд дараах үзүүлэлтээр Монгол улс өрсөлдөх чадвар буурсан гэж үзэж болох юм байна. Тухайлбал, Хөдөлмөр зохицуулалтын урамшуулал, институтын чанар, бараа бүтээгдэхүүний олох ашиг гэсэн үзүүлэлтээр тус тус буурчээ. Мөн дэд бүтэц, зах зээлийн боловсронгуй байдал, бараа бүтээгдэхүүний үзүүлэлтээр авбал зохих 7 онооноос 50 хувьд нь ч хүрэхгүй оноог авсан нь хангалтгүй байгаа юм. Дэлхийд манай улсыг хөгжингүй буурай орны тоонд оруулдаг.

Монгол улсын удирдах ажилтнуудын саналын үзүүлэлтээс Монгол улсад бизнес эрхлэхэд ямар хүчин зүйлүүд саад болж байгааг гаргадаг байна. Үүнд бизнес эрхлэхэд хамгийн сөрөг зүйл бол засгийн газрын тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж муу, гадаад валютын зохицуулалт, бодлогын тааруу байдал, төрийн хүнд суртал гэсэн зүйлүүд эхний 5 үзүүлэлтэд багтжээ. Зүүн Ази болон Номхон далайн хөгжиж байгаа орнуудтай манай улсыг харьцуулахад давуу тал нь дээд боловсрол, мэргэжлийн сургалт мөн технологийн бэлэн байдал, эрүүл мэнд, бага боловсрол олгох байдлаар харьцангуй давуу байдаг нь судалгаагаар гарчээ. Харин дэд бүтэц институтын чанар, макро эдийн засгийн хүчин зүйлийн үзүүлэлтээр эдгээр орнуудаас харьцангуй доогуур байгаа юм.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ