...
...

“Цагаан хадаг” киноны ЗӨГНӨЛ биеллээ олжээ

“Рио-2016” олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээ Улсын их дэлгүүрт шинээр нээгдсэн “iCinema” кино театрт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд киноны ерөнхий продюсер, зохиолч Т.Номуунзул, Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж, Рио 2016 Олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Гавъяат тамирчин Д.Сумъяа, гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа нар хүрэлцэн ирсэн юм.

“Цагаан хадаг” уран сайхны кино нь тамирчин хүний нөр их хөдөлмөр, хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг  харуулсан уран бүтээл төдийгүй манай  улсын кино урлагийн түүхэнд спортын сэдвээр хийгдсэн хоёр дахь уран бүтээл болж байгаагаараа ихээхэн онцлог. Ингээд тус киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцъя.

 

Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж

Миний найм дахь уран бүтээл болох “Цагаан хадаг” уран сайхны кино нээлтээ  өнөөдөр хийж байна.Монголын  кино урлагт тамирчин хүний амьдралыг харуулсан хоёр дахь кино болж байна. Энэхүү уран бүтээлээрээ тамирчин хүний амьдралын зовлон, жаргалыг  Риогийн олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн бүтээсэн. Киноны зохиолын  тухайд  анхнаасаа л Д.Сумъяаг олимпийн наадмаас медаль авч байгаагаар бичигдсэн. Бидний зөгнөл биелэлээ олсонд маш их баяртай байна.  "Цагаан хадаг”  киногоороо Д.Сумъяагаар дамжуулаад тамирчин эмэгтэй хүн тэр тусмаа олимпид оролцохын тулд ямар их тэсвэр тэвчээр саад тотгорыг даван туулдаг болохыг харуулахыг зорьсон.  

 

Ерөнхий продюсер, зохиолч Т.Номуунзул

Анхны уран бүтээл болох “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлт өнөөдөр маш сайхан болж байна. Би кино зохиол дээрээ хагас жилийн хугацаанд ажилласан. Спортын кино хийе гэж маш олон жилийн өмнөөс бодож байсан л даа. Тэр тусмаа эмэгтэй тамирчны амьдралыг уран бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьсон. Учир нь бөх хүн гэхээр эрэгтэй хүн л хамгийн түрүүнд буудаг шүү дээ. Гэтэл эрэгтэй хүнээс дутахааргүй эр зориг, тэсвэр тэвчээрийг эмэгтэйчүүд ч гэсэн гаргаж байдаг. "Цагаан хадаг" киног анх хийх талаараа  МЖБХ-нд М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа  нарын нэрийг санал болгосон л доо. Ингээд бид гурван тамирчныхаа түүхийг судалж үзээд Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэхээр шийдсэн. Кино зураг авалт өнгөрсөн долдугаар сарын 3-нд дууссан. Бидний уран бүтээлийн зөгнөл биелэлээ олж  Д.Сумъяа маань Риогийн олимпыг медаль авсанд сэтгэгдэл маш өндөр байна.

 

“Рио-2016” олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа

 Энэ жил миний хувьд бүх юм нь билэг дэмбэрэлтэй сайхан болж байна. "Цагаан хадаг" кино миний ирээдүйг зурчихсан юм шиг сайхан бүтээл болжээ. Киноны баг хамт олон болон iCinema киноны хамт олонд амжилт хүсье.

Гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа

Намайг Т.Жинжмаа гэдэг. СУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Анхны уран бүтээлээрээ “Рио 2016” олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа эгчийнхээ  амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэндээ маш баяртай байна. Мэргэжлийн тамирчидтай, мундаг аваргуудтай нэг зурганд ороод бэлтгэл хийгээд явна гэдэг ховор аз завшаан. Миний хувьд мэдээж мэргэжлийн тамирчин биш учраас Д.Сумъяа эгчээс болон шигшээ багийн тамирчдаасаа  зөвлөгөө авч киноныхоо дүрд тоглосон. Тамирчин хүний сэтгэл зүй маш чухал болохыг ойлголоо. Киноны зураг авалт хоёр сар орчим  үргэлжилсэн бол  өнөөдөр бид бүхний баярын өдөр болж байна.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ