...
...

Монгол зөгийн бал олон улсын зах зээлд гарна

  

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр бөгөөд Эдийн засгийн ухааны докторант, Монголын зөгийчдийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ТӨМӨРИЙН ТУЯА-тай ярилцлаа.

 

 

- Эдийн засагч хүн яаж яваад зөгийчин болчихов оо?

 

- Би ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа Ханын Материалын үйлдвэрт ня-бо-гоор эхэлж, улмаар 1994-2008 онд Банкны системд ня-бо, зээлийн эдийн засагч, салбарын эрхлэгч, ерөнхий ня-богоор ажилласан. 2008 онд Дорнод аймгийн Халхгол суманд “Халхголын Хишиг” ХХК-ийг зөгийн аж ахуйн чиглэлээр байгуулсан. Тэр үеэс л “Нисдэг сүрэг” хэмээдэг зөгийн аж ахуйн талаар судалж, хэрхэн үр ашигтай ажиллаж болох вэ, Монгол орны нөхцөлд зөгийн аж ахуйг өргөжүүлэх ямар арга зам байна, дэлхийн зах зээлд гарах гарц боломж байна гэдэг талаар нэлээд ажилласан. 2013 оноос Монголын зөгийчдийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэнээс хойш Монголынхоо нийт зөгийчидтэй хамтран энэ үйлсийн төлөө сэтгэл хоёргүй зүтгэж байна даа.

 

- Монголын Зөгийчдийн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар яриач.

- Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь засгийн газар, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн томоохон алхмуудыг хийж байна. Манай Нийгэмлэг ҮХААЯ-тай 2013 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд зөгийчин, зөгийн бүлийг анх удаа албан ёсоор тооллоо. Мөн зөгийн бэлчээрийн нөөц тогтоож зураглал гаргах зорилгоор “Балт ургамлын судалгаа”-г Булган аймгийн Хангал сум, Төв аймгийн Мөнгөнморьт суманд хийж бэлчээрийн зураглал гаргалаа. Монголын зөгийн бүлийг олшруулах, зөгийн бүлийн сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор ”Зөгийжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас 800 зөгийн бүл оруулан ирж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зөгийчид олгосон. Зөгийн бал болон зөгийн бүтээгдэхүүний хяналт үнэлгээ чанарын шаардлагыг хангах үүднээс Зөгийн лабораторийг “Мал эмнэлгийн төв лаборатори”-той байгуулан хамтран ажиллаж байна. 

 

 

- Монголын зах зээл дээр борлогдож байгаа зөгийн балнуудад судалгаа шинжилгээ хийгээд, сайн муугаар нь ялгаад байсан санагдана.

 

- Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь “Дэлхий зөн” ОУБ-тай 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Энэхүү гурван талт санамж бичгийн хүрээнд Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа зөгийн балнуудад лабораторийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээ төр, олон нийтийн байгуулага, зөгийчдөд тайлагнасан юм. Түүнчлэн цаашид авах арга хэмжээний хөтөлбөр боловсруулсан. Түүнээс гадна бид Зөгийчдийн удирдах ажилтны семинарыг удаа дараа хийж, зөгийн балны нэмүүн өртгийн сүлжээний зураглал гаргалаа. Монгол орны зөгий үржүүлэх боломжтой нутгуудаар зөгийжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ зөгийчдэд мэргэжлийн сургалт зөвлөлгөө өгч байна.

 

- Монголын зөгийчдийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд харьцангуй өргөжиж байгаа нь харагдаж байна. Үүнд шинэ удирдлагуудын үүрэг оролцоо ихээхэн бий гэж бодно.

 

- Тийм ээ, 2013 онд монголын зөгийчдийн чуулганаас сонгогдон, үүрэгт ажилдаа томилогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн энэ талаар нэлээд ажиллаж байгаа. Монголын зөгийн аж ахуйн гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс Орос улсын Башкерийн зөгийн аж ахуйн танилцах аяллыг 10 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн бөгөөд 2014 онд Турк улсад болсон Азийн зөгийчдийн холбооны бага хуралд амжилттай оролцож, “Монголын зөгийн аж ахуйн” илтгэл тавилаа. Мөн 2015 оны 9 дүгээр сард Солонгос улсад болсон Дэлхийн зөгийчдийн холбооны“Apimondia” 44 дүгээр их хуралд оролцохоод албан ёсны гишүүн болоод  ирлээ.

APIMONDIA нь Олон Улсын Зөгийчдийн Холбоо бөгөөд зөгийн чиглэлээр үйл ажиллгагаа явуулдаг олон улсын  байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн холбоо юм. Тус холбоо нь 1895 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1949 онд Амстердам хотод зохион байгуулагдсан Олон Улсын Зөгийн Аж Ахуйн 13-р Бага Хурлын шийдвэрээр APIMONDIA гэж нэрлэгдэх болсон. 

APIMONDIA нь дэлхийн улс орнуудын зөгийн аж ахуйн эдийн засаг, нийгэм, байгаль экологи, техник технологи, шинжлэх ухааны хөгжлийг дэмжин ажилладаг. Тус холбооны зорилго нь зөгийчдийг мэдлэг туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцох боломжоор хангаж өгөхөд оршино. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд холбооны зүгээс зөгийчид, эрдэмтэд, хөгжлийн агентлагууд, техникчид, хууль эрх зүйчид, зөгийн бүтээгдэхүүн борлуулагчид зэрэг олон талт оролцогчдыг хамруулсан их хурал, бага хурал, симпозиум, хэвлэл мэдээллийн арга хэмжээг зохион байгуулж харилцан санал бодлоо солилцох, мэдээ мэдээлэл дамжуулах, туршлагаа хуваалцах, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх бололцоог бий болгодог. Одоо тус холбоонд 93 жинхэнэ гишүүн байгууллага, 19 ажиглагч байгууллага нэгдсэн байдаг

Монголын Зөгийчдийн Нийгэмлэгтэй нь сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр ”Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа”-ны төсөл,   НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл, JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Зөгийн аж ахуйг дэмжих үр ашгийг нэмэгдүүлэх” төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

 

Зөгийчдийн нийгэмлэгээс “Халбага зөгийн бал” Эрүүл мэндийн аян өрнүүлж байгаа гэсэн. Энэхүү аяны зорилго ?

-Энэхүү аян нь хэрэглэгчид зөгийн балны  зохистой хэрэглээны боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготойгоор 2016 оны 6 сарын 1-нээс 8 сарын 1-ний хооронд нийт 8 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.  Манай иргэдийн зөгийн балны  хэрэглээний  мэдлэг бага,  ач тусын ойлголт хомс байгаагаас болоод худалдан авалт муу байна. Энэ бүгдээс шалтгаалан зөгийн аж ахуй хөгжихгүй байна.

Зөгийчид хүнсний чанарыг аюулгүй байдал хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа  хэрэглэгчдэдээ сурталчлан таниулах ажил бага хийгдэж байна. Иймээс зөгийчид болон хэрэглэгч хооронд илтгэлцэл үүсгэх, зөгийчдийг тогтвортой санхүүгийн орлоготой болгох, ард иргэддээ баталгаатай, чанартай зөгийн бал ханган ажиллах зорилгоор “Халбага зөгийн бал”аяныг санаачлан хэрэгжүүлж байнаАяны ач холбогдол  нь хэрэглэгчдэд зөгийн балын ач тусыг сурталчлан, зөгийчдийн орлого тогтвортой болох ба гарал үүсэл нь тодорхой, баталгаатай  монгол зөгийн бал бий болгож, хүмүүст эрүүл урт наслахад туслана.  Энэхүү аяныг “Гацуурт” ХХК хамтран зохион байгуулж байна.

 

 

- Монголын зөгийн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх чадамж хэр вэ?

-Монгол зөгийн балыг дэлхийд өрсөлдөх чадамжийн тухай ярихаас өмнө олон улсад зөгийн балны чанар ямар байгааг хэлмээр байна. Дэлхийд жилдээ 1.5 сая тонн зөгийн бал үйлдвэрлэдэг үүнээс 80% нь таримал  балт ургамлаас хураан авдаг байна. Монгол улс жилдээ 150-200 тн зөгийн балыг үйлдвэрлэдгээс 80% нь байгалийн балт ургамлаас хураан авч байна.  Монгол орны балт ургамал нь далай түвшингээс дээш 1100-1300 метр өндөрт ургадаг онгон байгалийн зэрлэг цэцэгс байдаг бөгөөд энэ нь ихээхэн нь ховордсон, нэн ховордсон эмийн ургамлууд байдаг. Ийм сайхан дахин давтагдашгүй эко системээс хураан авсан зөгийн бал нь хамгийн үнэт чанартай бөгөөд энэхүү нандин зөгийн балны тэжээлийн болон биологийн идэвхит бодсыг Монголын эрдэмтэд тодорхойлоод хэрэглэгчдэд хүргэмээр байна. Монголын зөгийн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх чадамжтай болгохын тулд бид нарт судалгааны ажил дутаад байна.

 

- Гадаад зах зээлд зөгийн балны эрэлт хэрэгцээ хэр байна.  Манайхан экспортлох боломжтой юу?

-Олон улсад зөгийн бал үйлдвэрлэгчдээс эхний тавд Хятад,  Турк, Аргетин, Украйн, Орос улсууд ордог байна.  Зөгийн бал хэрэглээгээр өндөр хөгжилтэй  орнууд өөрийн хүн амын хэрэгцээг   балаар бүрэн хангаж чаддаггүй, иймээс импортын бал хэрэглэдэг. Гол импортлогчид АНУ, Герман, Япон улсууд байна. Эдгээр улсууд жил бүр  бусад орноос 250 мянган тн зөгийн бал худалдан авч байна. ЕХУ-д бүхэлдээ 140-150 мянган тн зөгийн бал худалдан авдаг. Зөвхөн Япон улсын жилийн зөгийн балны зах зээл 42.0 мянган тн үүнээс 39.0 мянган тн импортлодог. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн зөгийн бүлийн тоо их хорогдож байгаа тул зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн  үйлдвэрлэл багасаж байна.

-          Монголчууд гадагшаа чиглэсэн бизнес хийхээр стандартын шаардлага хангах тал дээр дутмаг байдаг. Энэ  тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Монгол зөгийн балыг олон улсын стандартанд нийцүүлэн экспортод гаргахын тулд гурван шаардлага хангасан байх ёстой юм. 1. Гүйцэт боловсорсон зөгийн балны найрлага чийг 21%,  хуурай бодис 80 % харьцааг хангасан зөгийн бал хураан авна. 2. Лабораторын иж бүрэн шинжилгээнд хамрагдан зөгийн балан дахь химийн бодисын хэмжээ /эмийн үлдэгдэлгүй/ тодорхойлсон байна. 3. Гарал үүслийг нь тодорхойлох бөгөөд хэн хаана хэзээ яаж энэхүү зөгийн балыг хураан авсан гэдэг нь тодорхой, бичиг баримтаар баталгаажуулсан байна. Ийнхүү зөгийн балны баталгаажуулалтын тогтоолцоог бий болгохын “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ, “Гацуурт” ХХК, Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори нар хамтран нэлээд олон ажлыг хийгээд байна. Зөгийн мэргэжлийн багаа бүрдүүлж, энэ жил 23  аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөгийн бал гарал үүслийг баталгаажуулна. Мөн “Гацуурт” ХХК-ийн зөгийн балны савалгааны үйлдвэрийг энэ жил ашиглалтанд оруулж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн багаар баталгаажуулсан зөгийн балаа 9-р сар гэхэд хэрэглэгч нарынхаа гар дээр хүргэнэ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Тэр нандин зөгийн балаа монголчууддаа л өг л дөө. Үнэ нь ихдээд бүх иргэдэд хүртээмжтэй байж чадахгүйгээс борлуулалт муу байгаа. Хамгийн сайнаа экспортлоод өөрсдөө хог идэх нь монгол хүнийг генийн хувьд устгахад хувь нэмэр оруулж байгаа хэрэг шүүдээ агрономич гуай.

  • Монголд цэвэр зөгийн бал маш ховор ихэнх нь элсэн чихэр эсвэл хятадын хиймэл балнууд хоол болохоосоо хор болох нь их 5-10 бүл зөгийтэй байтугай зөгийгөө мэдэхгүй 1ш зөгийгүй амьтад өвөл зунгүй шаамарын бал гээд ичихгүй зарж байгаа новшнууд энд тэндгүй б.на

  • Зөгийн бал авмаар байдаг, гэтэл аль нь жинхэнэ зөгийн бал, аль нь хуурамч гэдгийг тогтооход хэцүү байдаг Жишээ нь О.5 литр зөгийн бал 2000 - 10.000 төгрөг бас зарим газар 20.000 төгрөг байдаг, аль нь цэвэр бал гэдгийг ялгахад хэцүү юмаа.

  • Өрхийн аж ахуйгаас бизнесийн салбарлуу оруулж байгаа мундаг ажил хийж байгаа Монголын зөгийчдийн нийгэмлэгтээ талархал илэрхийлж байна. Монголчууд зөгийн аж ахуйгаа хөгжүүлж дэлхийн зах зээлд гарах ойртож байгаад манай аж ахуй баяртай байгаа. Таньд болон танай хамт олонд амжилт хүсьеээ.

  • Зөгийчдийн нэрийг барьж, өөрсдөө хөлжиж байгааг мэдэж байна. Одоо энэ ажлаа зогсоож, наад ажлаасаа буух хэрэгтэй. Зөгийчдээс зах зээлийн үнэнээс 30 хувиар догуур авч, өөрсдөө мөнгө угааж байгааг АТГ-т шалгуулах хэрэгтэй.

Онцлох мэдээ