...
...

Эбигийн дайн #1

        Шударга ёс гэгчийг хүн бүхэн ярьдаг. Улс төрчид тэр тусмаа хамгийн их шударга ёс ярина. Шударга бус хэмээн нэгнээ нэрлэнэ, хардана. 1990-ээд оны дундуур Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр “Монголд гурван хүн тутмын нэг нь хулгайч” хэмээсэн тайлан тавигдахад. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга гурав бие биенээ сэжиглэсэн аятай харлаа гэсэн явган шог яригддаг байв. Яг л тэр нүдээр өнөөдөр бүгд бие биенээ хулгайч гэж хараад байна. Халуун тогоон дотор нь явдаг улс төрчид уг нь хэн нь хэн бэ гэдгээ маш сайн мэднэ. Гэвч хэн нь ч нэгнээ илчилсэн жинхэнэ баримт гаргаж өгч чаддаггүй. Зүгээр л хов живийн шинжтэй хэдэн үг хэлнэ. Энэ бүхний цаана улс төрийн хэлмэгдүүлэлт, эх орны баялаг худалдах үйл явц, төрийн мөнгө, тендер идэх арга ажиллагаа явагдаж байна гэж энгийн олон хардана. Иймэрхүү хардлага ч үнэний ортой зүйл биз. Гэвч бие бие рүүгээ шидсэн энэ олон “чулуу”-ны чухам аль бай нь жинхэнэ “УРВАГЧ” болохыг мэдэх, ялгах арга олдохгүй юм. Ямартай ч Монголын улс төрд цусгүй дайны гал олон фронтоор зэрэг өрнөж байна. Магадгүй ардчиллаас хойш хамгийн бохир нууцлаг улс төрийн дайн энэ цаг үед л явагдаж байх шиг.

        Фронтын нэг талд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарсан нь үнэн. Тэр харин улс төрийн энэ дайнд хэний төлөө тулалдаж байна вэ, ард түмний төлөө юу, эх орны төлөө юу? Эсвэл зүгээр л бүлэг фракц, өнөөх алдарт “Том бүлэглэл” гэгчийн төлөө юу? Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэх үг ямар үнэн юм бэ? Улс төрчид тэмцэлдээд ирэхээр ард иргэд түгшүүрт автаж байна. Монгол хүн уг нь асуудлыг дэвэргэгч этгээдүүдэд нааштай хандсан түүх байдаггүй. Гэтэл асуудал нь АН гэх савнаасаа халиад иргэдийн бодол чилээх түвшинд хүрсэн нь энэ тэмцэл хэт том эрх ашиг дээр явагдаж байна гэж үзэх үндэслэл болно.

#1 Эбигийн дайны шалтгууд

        Үзэл бодлын зөрчил бол бараг ардчиллын үндэс ч юм уу даа. Бүгд нэг дуугаар шийдэлд хүрээд байх нь эрүүл сэтгэхүй, эрүүл нийгмийн шинж яав ч биш. Өөрөөр хэлбэл алдаатай оноотой, буруутай зөвтэй, тэр бүү хэл тэнэг цэцэн бодол дундаас улс төрийн шийдвэр гарч гэмээнэ ард түмэнд таалагдах жинхэнэ бодлого мөн болжээ гэж үзэж болно. Гэхдээ үзэл бодлын зөрчил туйлдаа хүрч болохгүй. Өнөөх л ардчилал нь бас аливаа юмны туйл гэсэн ойлголтод тун чиг дургүй. Харин нүдэн дээр болж буй тэмцэл туйлдаа хүрсэн, эсвэл туйлдаа хүрэхэд тун чиг ойрхон буй нь анзаарагдана. Тэмцлийн шалтгаан, үнэн мөнийг мэдэх боломжгүй, харанхуй таамаг дунд амь тэмцэн мөлхдөг сэтгүүл зүйтэй улс орон тул тэр л аясыг даган харанхуй таамаг гаргаж үзье.

Ц.Элбэгдоржтой холбоотой харанхуй таамаг бүхний эхэнд С.Зоригийн аллага гарч ирдэг. Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга гэгдэж байсан Д.Нинж нэлээд ноцтой ноцтой сэдэл бүхий зүйлсийг хэдэн жилийн өмнө ярьж байгаад хэсэг таг болсон. Ардчилсан хүчинд анхнаас гар бие оролцон тэмцэж явсан ч “эрх мэдлийн” бялуунаас хоцорсон хэдэн эрхэм байдгийн нэг нь Д.Нинж. Тэр хэрээрээ магадгүй Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг муу хэлдэг байж болно. Гэвч албан тушаал төдийгөөс шалтгаалан улс төрийн удирдагчийн аллагатай төрийн тэргүүнээ холбож гомдоллох нь дэндүү өчүүхэн шалтаг. Магадгүй нэр хүндэд нь заналхийлж байгаад хэдэн цаас салгачих гэсэн Д.Нинжийн явуургүй үйлдэл ч байсан байж болно. Хэдэн арван сая хүн амтай гадаад улсуудад асуудал мартагдахгүйгээр шийдэгдэж чаддаг. Харин манайд асуудал шийдэгдэхгүй мартагддаг. Д.Нинж чухам яагаад таг болов. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар яагаад тухайн үед элдэв тайлбар өгөхгүй байв. Хүн амины хэрэгт хэн нэгнийг гүтгэнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Үнэнийг тогтоох хэрэгтэй болохоос эргэлзээг мартагнуулж болохгүй.

Д.Нинж тухайн үед хэлэхдээ “С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Билэгтээс сонсож байсан. Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ  «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С.Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа” хэмээн ярьж байсан гэсэн.

Үүнээс гадна тэрээр хэрэгт сэжиглэж болохоор олон баримт, сэдлийн талаар ярьсан. Тэр бүгдийг нуршаад яахав. Чухам тэр хэрэгт шууд болон шууд бус утгаар Ц.Элбэгдорж холбогдсон бол холбоо хамааралтай ямар нэгэн баримт үлдсэн байх ёстой. Тэр баримт түүний дайны сэдэл мөн үү, тэр баримт түүний дайны шалтгаан мөн үү? Хэрэв байвал тэр гарцаагүй үхэн хатан дайтах шалтгаан мөнөөсөө мөн.  Н.Энхбаярын оймсоо гозолзуулж баривчлагдсанаас доор хувь заяа түүнд тохиох болно.  Энэ бүхэн үнэн гэхээсээ илүүтэй уран зохиолын шинж чанартай. Харин үнэн шалтгаануудын нэг нь нам доторх эрх мэдлийн тэмцэлтэй холбоотой. Хэдийгээр ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээгдэн намын харьяаллаас татгалздаг боловч Ц.Элбэгдорж “Ардчиллын алтан хараацай”-н нэг гэгддэг үүднээсээ АН-ын нүүр царай ямагт байсаар ирсэн. Ерөнхийлөгчийн алба хашсан 7 жилийн туршид ч тэр АН-д айхавтар нөлөөтэй нэгэн хэвээрээ байлаа.

Харин АН дотор түүний бүрэн эрхийн хугацаа дуусахтай нь зэрэгцээд улс төрийн замналд нь цэг тавьж “Титэм үг”-дээд суудаг Н.Багабаньдийн араас оруулах хүсэлтэй хүмүүс олон байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөгийн намын лидер З.Энхболд юм. З.Энхболд, Х.Баттулга дээр нэмэгдээд сүүлд шинээр Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн эсрэг дайнд нэгдлээ. Бүр нарийндаа бол ирэх УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр фракц хоорондын дайн гарч байна. Ц.Элбэгдорж эрх мэдлээс буусан тохиолдолд өөрийнхөө улс төрийн хамгаалалтыг бий болгох сонирхолтой байж мэднэ.

Мөн түүнээс гадна дайны шалтгаануудын нэг нь алдарт “Тавантолгой”-н асуудал юм. Энэ тухай түүний дайтагч этгээдүүдийн нэг болох Н.Энхбаяр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа маш тодорхой ярьсан. Сү.Батболд Н.Энхбаяр дарга дээр орохдоо “Тавантолгой”-н ордыг улс төрийн хамгаалалтад оруулах хэрэгтэй байна хэмээн хэдэн нэр дурдаад та орооч гэсэн, Н.Энхбаяр тэрийг нь дэмжээгүй тул өнөөх нэр дурдагдсан С.Баяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нар нийлж түүнийг сонгуульд ялагдуулсан гэнэ. “Наргианы наян хувь нь үнэн” гэдэг шиг “Энэ яриа”-ны тодорхой хувь нь үнэний магадлалтай болоод л Н.Энхбаяр хэлсэн байх. Сүүлд эдийн засгийн форумын нээлт дээр “Тавантолгой”-н төслийг эмийн санч гацаасан талаар нэлээд шийдэмгий үг хэлж байна билээ. Тэгэхээр “Тавантолгой”-г том жижиг гэлтгүй Энержи Ресурст өгөх сонирхолтой этгээдүүдийн талд Ц.Элбэгдорж байна гэж үзэх боломжтой. Ер нь “Тавантолгой”-н цаана дан ганц нүүрснээс ашиг олох гэсэн үйл явцаас илүү том “асуудал” ч нуугдаж байх шиг.

Х.Баттулгатай хийгээд байгаа дайн юуны төлөө вэ? Эрчүүдийг нь чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүдийг нь оролдож байна гэж Х.Баттулга мэдэгдсэн. Эрчүүдийн амнаас гараагүй ямар мэдээллийн төлөө Ц.Элбэгдорж “Баривчилгаа” явуулсан бэ? Яагаад буруутан болгон үүр цүүрээр баривчилсан хүүхнүүдээ, гэм буруугүй хэмээн суллаад явуулав? Олон хариулт хэрэгтэй. Хэрэгтэй хариултуудаа ард түмэн авах эрхтэй. Одоо улс төрийн ертөнцөд болж буй үйл явцыг ард түмэнд ирэх үнэн хариулт л намжаах болно.  “Хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна" хэмээн хэлж Ц.Элбэгдоржтой дайтах шинэ дайчнаар Н.Алтанхуяг тодорсон энэ цаг үед “Шударга ёс, хууль хүчний байгууллага хараат ажилладаг, улс төржилт, сонгуулийн сезон” гэх мэтийн тайлбараас арай илүү үнэнд ойр шалтгаан, үг ард түмэнд хэрэгтэй байна.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Булганыг хорьж шалгаж байгаа гэх. Намаа задлах, Засагаа нураах хэрэгцээтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ ийм гаргалгаагаар нүгэлээ нуух зорилготой бас нэг хэсэг байж болох юм. Хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй.

Онцлох мэдээ