...
...

Шаабар зөвлөж байна: Бөөрний дээд булчирхайн эмгэг буюу Аддисоны өвчин

Ховорхон тохиолдох боловч үе үе оношлогдоод байдаг булчирхайн гаралтай уг эмгэгийг 1848 онд эрдэмтэн Аддисон Томас гэж хүн анх нээсэн тул ихэнх улс оронд Аддисоны өвчин хэмээн нэрлэдэг. Ингэж нээгдэхээс өмнө хүрэл өвчин гэж нэрлэж байсан бөгөөд өдгөө ч зарим улс үндэстэн тийн нэрлэсээр байдаг юм. Бөөрний дээд булчирхай олон үүрэг гүйцэтгэдэг ба тэдгээрийн аль нэг ажиллагаа нь дутагдсанаас голчлон үүсдэг уг өвчин бага наснаас эхлэх ба төдийлөн анзаарагдалгүй явсаар нас бие гүйцэх үе буюу 20 наснаас хойш шинж тэмдгүүд нь тод илэрдэг. Өөрөөр хэлбэл, архаг явцтай өвчин гэсэн үг. Бөөрний дээд булчирхай гадуураа өвөрмөц үүрэг бүхий холтослог гэх давхраатай байдаг. Тэр давхаргын үйл ажиллагаа төрөлхийн эсвэл зарим өвчний үед эмгэгээр өөрчлөгдөх нь Аддисоны өвчний гол шалтгаан болно. Манай орны хувьд уг өвчин илэрсэн тохиолдлууд ихэвчлэн сүрьеэ өвчний үлдэц, хүндрэл байдаг нь тогтоогджээ. Ялангуяа сүрьеэгийн савханцар цусаар дамжин олон эрхтэнг өвчлүүлсэн тохиолдолд бөөрний дээд булчирхай заавал хөндөгддөг. Ийм тохиолдол нийт оношлогдсон тохиолдлын 80 гаруй хувийг эзлэх ба үлдсэн хэсэг нь гэмтэл, булчирхайн өөрийнх нь өвчин, төрөлхийн, бусад булчирхайн эмгэгээс хамааралтай байдаг аж. Тэдгээр дотроо бөөрний дээд булчирхайд цус харвасан, цус бүлэгнэж, булчирхайн тэжээл хаагдсан, булчирхайн өөхлөлт, хорт хавдар гэхчлэн зонхилох шалтгаан болдог. Эхэн үедээ бие суларч, амархан ядрах байдлаар илрэх ба биеийн эсэргүүцэл сайжруулах төрлийн эмчилгээ хийлгээд явдаг. Энэ нь тухайн хүний биеийг түр зуур илааршуулах тул өвчин бүрэн эдгэхгүй архаг байдлаар цааш даамжирдаг.

Харин ийм шинж илэрсэн хүмүүс сүрьеэ өвчтэй байх, хорт хавдар оношлогдсон, цусан халдвар буюу сепсисээр хүндэрч байсан зэрэг тохиолдолд Аддисоны өвчин байж магадгүй гэж үзэн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэж үзэх нэг гол шинж бол тухайн хүний нүүр царайнаас эхлээд аажимдаа бүх биеийн арьс хөхөлбөртөж байснаа улмаар наранд хэт түлэгдсэн мэт борлож харагддаг. Хүрэл өвчин гэж нэрлэдэг нь энэ шинжтэй холбоотой юм. Тэрхүү борлолт биеийн ил хэсгээс гадна шарх сорвийг хүрээлэн байрлах ба хөхний толгой, бэлэг эрхтэн орчим илүү үүсэх ба заримдаа амны дотор талын салст хүртэл хүрэнтэж, борлосон байдаг. Арьсны эдгээр өөрчлөлтөөс гадна үе үе хэвлийгээр базлах мэт өвдөж, нойр булчирхайн эмгэгийн шинжүүд илэрнэ. Өвдөлт хэвлийн баруун тал, хавирганы нуман дор орчмоос эхлээд бүслүүрдэж тархан, огиулж бөөлжих, гүйлгэх нь ч бий. Эмэгтэй хүмүүст сарын тэмдэг тасалдах, хугацаа алдах шинж гардаг бол эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал заавал дагалддаг. Бодисын солилцоо алдагдах ба натри, хлорид багасаж, кали нэмэгдсэн байдаг. Даралт багасаж, ялангуяа доод даралт унах нь бий. Тууштай эмчилгээ хийхгүй удваас төв мэдрэлийн талаас өөрчлөлт гарч оюун санаа муудах, дэмийрч солиорох хүртлээ хүндэрдэг. Нарийн мэргэжлийн эмнэлэгт элэгний дэлгэрэнгүй, томограф зэрэг хэд хэдэн шинжилгээ хийж оношлох ба өвчин үүсгэсэн шалтгаан буюу гол өвчнийг барьж эмчилгээний хэлбэрээ сонгоно. Өвчин халдваргүй, удам дамжихгүй гэж үздэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байхгүй ч өвчин үүсгэдэг үндсэн өвчнөөc сайн сэргийлж чадвал бөөрний дээд булчирхайн эмгэгээс давхар хамгаалдаг. Ер нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, амин дэм, тэжээл сайтай хоол хүнс хэрэглэдэг, ажил амралтаа зөв зохицуулдаг хүмүүс бөөрний дээд булчирхай ч биш бусад өвчнөөр өвдөхгүй байх магадлалтай.   

Эх сурвалж: Олхонуд Шаабар

“Эрүүл мэнд” номоос...

Санамж: Энэхүү номыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй цувралаар нийтлэж байгаа тул зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ