...
...

Шаабар зөвлөж байна: Боом аюултай халдварт өвчин мөн

Энэ өвчнөөр ихэвчлэн өвсөн тэжээлт мал, амьтад өвчилдөг ч хүнд халдварлах учир хөл хориот өвчний тоонд ордог. Өөрөөр хэлбэл, мал, амьтан боомоор өвчилсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн бүс нутагт хөл хорио тогтоон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм. Манай улсад үе, үе боом гардаг нь голомт байгаатай холбоотой. Боомоор өвчилсөн үхэр, малтай ойртож ажилладаг хүмүүс халдвар авах эрсдэлтэйд тооцогддог боловч зарим улс оронд ноос ялгагч, арьс, нэхийний ченж, хог түүдэг хүмүүст халдвар тарах магадлал өндөр гэж үздэг.

Илрэх үндсэн шинж тэмдэг нь арьсан дээгүүр загатнаа бүхий улаан тууралт гарах ба аажмаар гүвдрүүтэн цэврүүших, улмаар хатиг, мундас мэт хэд хэдэн шарх үүсдэг. Халдвар авсан байдлаас шалтгаалан ам, залгиур, хоол боловсруулах замд дээр дурдсан шарх үүсэх нь бий. Хатиг, мундаснаас ялгаатай нь эхэн үедээ ямар ч өвчин хөндүүргүй байдаг. Харин үрэвсэл нэмэгдэхийн хэрээр өвчин хоёрдогч байдлаар илэрч, гарсан газраасаа хамааран орчны эд, эрхтнээ дарж боомилох, үхжил үүсгэх зэргээр даамжирдаг. Эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол халдвар цусанд орж үхэлд хүргэх аюултай. Халдвар амьсгалын замаар орсон бол их осолтой. Онцгой шинж тэмдэг анзааралгүй байсаар шууд үхэлд хүргэдэг. Хамгийн элбэг тохиолддог нь арьсны хэлбэр. Манайх шиг мал, газар тариалан эрхэлдэг, түүхий эд боловсруулдаг улс орнуудад боом олон биш ч гарах магадлал өндөртэй байдаг. Монголын мал бэлчээрийн нөөцөөсөө хамааран тархмал байрладаг тул боомын халдвар тухайн сум, багаар хязгаарлагддаг сайн талтай. Гэхдээ боом гарсан газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийгээгүйгээс тухайн орчиндоо голомтлон үлдэх гэмтэй. Өвчилсөн малын сэг зэмийг зэрлэг амьда өөр нутагт зөөвөрлөн дамжуулах нь цөөнгүй.

Боом гарсан нутгаас авчирсан арьс шир, мах, цагаан идээ зэрэг нь өвчин халдварлах шалтгаан болдог учир хөл хориог нарийн тогтоох нь чухал. Боом гарсан эсэхээс үл хамааран махыг сайтар буцалгаж хэрэглэх нь зөвхөн боом төдийгүй бруцеллёз, бэтэг гээд олон халдвараас сэргийлдэг. Халдвар авснаас хойш 1-7 хоног нууц үе байдаг. Цөөвтөр тохиолдолд хоёр сарын дараа илэрч болох тухай судалгаа бий. Боом зөвхөн өвчтэй мал, амьтан, тэдгээрийн арьс, шир, мах, түүхий эдээр дамжин халдварладаг. Харин өвчтэй хүнээс бусад хүнд халдварлах нь бараг үгүй тул тухайн хүнийг бусдаас нь тусгаарлах юм уу ойртож, сувилахаас сэжиглэх шаардлагагүй гэж үздэг. Судалгаанаас харвал нэг өвчилсөн хүн дахин өвчилдөггүй гэх боловч дархлаа үүссэн байдал тогтоогдоогүй. Харин өвчтэй хүн, малтай харьцсан хүмүүс болон тухайн орчинд амьдардаг иргэд, тэжээвэр амьтдыг тодорхой хугацаагаар ажиглалт, тандалтанд авдаг. Боомоор өвчилсөн хүнд хийгдэх үндсэн эмчилгээ нь хүчтэй антибиотик болон биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэм зэргийг сонгож хэрэглэнэ. Арьсан дээр гарсан цэврүүн дотор нян агуулагдаж байх магадлалтай учир сайтар цэвэрлэж, ариутгах, хэрэглэсэн багаж материалаа тусгайлан угааж, халуун уур, бодисын ариутгалд оруулах хэрэгтэй. Тухайн хүндээ антибиотик мэдрэг байдлыг нь үзэж сонголтоо хийх нь зүйтэй. Сүүлийн үед ципрофлоксазин, доксициклин зэрэг хүчтэй синтетик антиобиотик хэрэглэх нь үр дүнтэй болохыг зөвлөж байна. Хэрвээ халдвар амьсгалын замаар орсон байх магадлалтай гэж тогтоогдвол эмчилгээг антибиотикоос гадна вакцинтай хавсрах нь ач холбогдолтой. Вакцин нь дархлаа тогтоохгүй учир урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдаагүй байна. Харин эмчилгээнд үр дүнтэй нь тогтоогдсон учир вакциныг 2, 4, 7 дахь хоногуудад давтан хийдэг. Халдвартай орчинд ажилласан, байсан хүмүүсийг ариутгалын бодис агуулсан саван, шампунь бүхий шүршүүрт сайтар оруулж ариутгах нь зүйтэй гэж үздэг юм.

Эх сурвалж: Олхонуд Шаабар

“Эрүүл мэнд” номоос...

Санамж: Энэхүү номыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй цувралаар нийтлэж байгаа тул зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ