...
...

"Битүү морь-2": Д.Бадарсаны "бадарсан" бодол

        НИТХ-ын гишүүн, СБД-ийн засаг дарга Д.Бадарсан гэх залуу төрийн ажилд зүтгэж, түмний түүчээ болох гэж нухлагдаж яваа залуу боловсон хүчин. Улаанбаатар хотын унаган хүүхэд тэрээр арван жилд байхаасаа л нийгмийн идэвхтэй нэгэн байсан бөгөөд Улсын ХХХ-р олимпиадын математикийн аварга болж байжээ. “Тоо бодно гэдэг сууж сурахын үндэс юм байна лээ. Миний өдий зэрэгтэй яваа нь сууж сурсны, аливаа юмны учрыг олох гэж махардаг байсны буян ч байж мэднэ” хэмээн тоонд дурласны хүчээр өдий зэрэгтэй яваагаа ярьдаг нэгэн.  Япон улсын засгийн газрын тэтгэлгээр цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн. Үүнээс гадна Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль тус тус төгссөн байна. “Ирээдүй”-тэй гэгдэх залуу боловсон хүчнүүдэд байдаг нэг дутагдал түүнд бий. Тэр нь “ЦАГААН ГАРТАН” гэх нэр. Ийм нэрэнд Монголчууд дургүй. Хар бор ажлын амт мэдэхгүй, хүнд хүчирт нухлагдаж үзээгүй “Памперстай” дарга нарын ажил даах чадварт эргэлзэх нь зүй юм. Улс  төр, нам сонирхох “Завгүй”, дурлал хайр, залуу насны амттайхан “Алдаа, Оноо” дунд гүйж явах ёстой 18 насандаа буюу 1995 онд АН-ын гишүүн болсон нь түүний улс төрийн, эрх мэдлийн сонирхол тун эрт эхэлжээ гэж харахад хүргэнэ. Оюутны ширээнээс боссон цагаас эхлэн ялдэв янзын захирал, төслийн ажилтан, том жижиг засаг даргын алба л хашсан түүнд, түмний дунд орж, эгэл албанд зүтгэсэн түүх даана ч алга. Дан даргаар занималдсан хүн амьдралаас даамай хол хөндий болох нь анзаарагддаг. Өөрийгөө тэрээр төрийн албанд анхан шатны нэгж буюу хорооноос эхлэн ажилласан гэж хэлэх дуртай. Хорооноос дүүрэгт үсэрсэн шигээ дүүргээс их хуралд нэр дэвших санаатайгаа далдуур хэлж байгаа нь тэр юм болов уу? Д.Бадарсан бол УИХ-д хүч үзэхээр зэхэж буй АН-ын шинэ залуу боловсон хүчин, ширүүхэн өрсөлдөөн үүсгэх магадлалтай “Битүү морь” юм. Ирэх сонгуулиар өөрийн ажиллаж танигдсан СБД-т мандат горилж байгаа. Хаа очиж дүүргийн засаг даргыг харьцангуй нэр төртэй хаасан нь түүний нэр дэвших ногоон гэрлийг асааж орхисон биз ээ. Түүний “Засаг ноён” суусан дөрвөн жилд СБД хийж бүтээсэн олон ажлаараа бусад дүүргээс ялгарсан. Тэр тусмаа дүүргийнхээ төсвийн хөрөнгөөр хоёр шинэ цэцэрлэг барьсан нь хүрэлцээ муутай цэцэрлэг дээр “Алалцаж” байж хүүхдээ оруулдаг эцэг эхчүүдэд ихээхэн таалагдсан нь мэдээж юм. Мөн түүний хүчээр эсвэл түүнийг УИХ-д оруулах гэсэн “ах эгч” нарынх нь хүслээр СБД гурван жил дараалан боловсрол ээлтэй дүүргээр шалгарчээ. Сонгуулийн сурталчилгаандаа дурдах хэлэх үг, хийсэн ажил түүнд зөндөө байна.

        Ямартаа ч тэр БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа шиг халаа сэлгээний асуудалд ороогүй, жирэмсэн эмэгтэй зодсон зодуулсан нэр зүүгээгүй, хармаандаа гараа хийж, хүн амьтан доромжлоогүй. Бохир заваандаа хутгалдсан СХД шиг бахь байдгаараа дөрвөн жилээ дуусгаагүй. БГД, ХУД шиг төсвийн мөнгөөр наадамлах сумын характер байсангүй. Тэр байтугай хагас жилд авдаг 27 сая төгрөгийн урамшууллаа Төв цэвэрлэх байгууламжийн засварт зориулж өгөх уриалга гаргасан. Хотын нэгж удирдаж байгаа хүнээс гарах л ёстой уриалга. УИХ-д үзээд алдаж гэмээ нь нэрийг нь чимэх сайхан тодотгол болох биз. УИХ-д тэр үзээд алдана. Энэ нь яг бас гарна, сонгогдоно гэсэн үг биш ээ. 18-н настай “БАЦААН” байхаас эхлэн 20 жил АН-ын батлах барьж, тогоон дотор нь чанагдсан ч гэлээ залуу хүн бол залуу л хүн байдаг. Тэр тусмаа өөрчлөлт шинэчлэлт хүлээж сонгосон АН-ын төр захирсан дөрвөн жил “сахил хүртээд шал дордов” гээч нь болсон энэ цагт түүнийг УИХ-ын танхимд илгээх зүрх зоригтон байхгүй л байх. Нэр сайтай, зүтгэл томруун үлдсэн дээр нь дүүрэгтэйгээ чаргууцалдаад явж байвал хожим төрийн хаалга өөрөө онгойгоод ирэх биз. “Цагаан гартан”-д байтугай намд нь хаагдаж байгаа хаалга хөшиж, гөжөөд онгойлгох гэж санах хэрэггүй. Тэр бол залуусын хэлдгээр “Бадарцан” үйлдэл болж таарна. Тэгэхээр Д.Бадарсан минь “Бадарцан” бодлоо түр хойш тавь гэж зөвлөе!

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ