Монголчуудыг бусдаас ялгаруулдаг, бахархлыг нь төрүүлдэг зүйл бол монгол хэл, монгол соёл, монгол бичиг юм. Муутуу цаасан дээр бийрийг бүжиглүүлж монголчуудын бахархал болсон бичлэг бол яах аргагүй каллиграф буюу уран бичлэг юм. Бахархалт энэ соёлоо дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ бага ч болов уу оруулахын төлөө хичээж яваа чөлөөт уран бүтээлч Г.Ганзоригтой каллиграф /уран бичлэг/ урлагийн талаар ийн хөөрөлдлөө.
-Сайн байна уу? Юуны түрүүнд уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг Г.Ганзориг гэдэг. Өөрийн хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн каллиграф /уран бичлэг/ урлагийг амьдралынхаа нэгээхэн хэсгээ болгосон чөлөөт уран бүтээлч залуу.
- Каллиграф гэдэг юу гэсэн утгатай үг вэ, Монголын гол төлөөлөгчид нь хэн бэ?
- Каллиграф гэдэг нь эртний Грекийн "каллиос" буюу уран гоё сайхан хээнцэр "графине" буюу зураас бичвэр гэсэн хоёр үгний нийлмэл юм. Монголоор уран бичлэг гэж хэлж болно. Каллиграф нь тухайн улс бүрт янз янзын байдлаар хөгжиж ирсэн байдаг. Тухайлбал Хятадад ханзаар, Англид крилли үсгээр, манайд монгол бичиг. Дүрс үсгийн хувьд монгол бичиг бол гайхалтай, өөр аль ч улсад байхгүй содон бичлэг. Ийм ч учраас яах аргагүй урлагийн бүтээлийн нэг болов уу.Каллиграф бичвэрийн урсгалыг хөгжүүлсэн гол төлөөлөгчийн тухайд гэвэл Бичиг соёл боловсролын төвийн тэргүүн, МУСТА Д.Ганбаатар гэж хүн бий. Энэ төв нь манайд хамгийн том Каллиграфийн төрөлжсөн сургалттай байгууллага л даа.
-Уран бичлэгийн төрлөөр хэзээнээс анх бичиж эхлэв, яагаад сонирхох болсон бэ?
-Би ШУТИС-ийн Үйлдвэр технологийн дизайны сургуулийг төгссөн. Хүүхэд байхын л зурах, бичих сонирхолтой байсан. Анх 2013 оноос Каллиграфийг тууштай оролдож эхэлсэн гэж хэлж болно. Анхандаа үзгэн балаар бичдэг байв. Бийрээр бичнэ гэхээр өөртөө нэг л итгэл муутай байсан юм шиг байгаа юм. Харин одоо бийрээр бичдэг болоод яг нэг жил болж байна. Мөн Хөх бичиг академийн сургалтанд сууж нэг сарын хугацаанд өөрийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд каллиграф сурсан гэж хэлж болно.
- Тухайн хүн каллиграф бичлэгийг сурахын тулд эхлээд Монгол бичгээ сайн мэддэг байхаас гадна гарын эв дүйтэй чухал болов уу?
-Тэгэлгүй яахав, Монгол бичгээ сайн мэддэг байж түүнийгээ уран сайхан бичлэгт буулгана шүү дээ. Би 1993 оны анхны Монгол бичигтний нэг, миний хувьд нэгдүгээр ангидаа монгол бичгээр цагаан толгойн үсгээ хийж байсан. Тэгэхээр крилл үсэг үзсэн хүүхдүүдээс Монгол бичгээ илүү сайн мэддэг. Их сургуульд орсон хойноо ч гэсэн зориуд сонгон судалж байсан. Босоо бичгээ ингэж их сонирхдог гэсэн үг л дээ. Монгол бичгийг харахаар л өөрийн эрхгүй омогшил төрдөг. Өөрийн тань асууснаар, каллиграф урлагт гарын эв дүй чухал. Тухайлбал, бийрийн барилт, өргөлт, таталт, цаастайгаа яаж харьцах зэрэг нарийн ажиллагаа ихтэйгээс гадна мэдрэмж шаардагдана. Гэхдээ ямар ч хүн хичээл зүтгэлийн үр дүнд уран бичлэгийг сурах боломжтой. Товчхондоо, хөдөлмөрийн үр дүнд гар мэдрэмжинд захирагдана гэдэг үгтэй л агаар нэг юм. Нөгөө талаараа үндэсний бичиг үсэг нь тухайн улсын бахархлын нэг хэсэг нь гэж хувьдаа ойлгодог. Энэ ч үүднээс бичиг үсгээ дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ бага ч болов уу оруулахын төлөө хичээж явна.
-Каллиграфч хүний гол зэмсэг нь юу вэ?
-Муутуу цаас, бийр болон янтай үндсэн хэрэглэгдэхүүн юм. Муутуу цаас нь бэхний нарийн, торгон зураасыг тод гаргахад зориулагдсан байдаг. Хятадууд 5 мянган жилийн өмнөөс муутуу цаасыг ашиглаж ирсэн түүхтэй. Тэр утгаараа каллиграф маш өндөр түвшинд хөгжсөн, бичиж чадахгүй хүн бараг байдаггүй, гарын үсгээ каллиграфаар төвөггүйхэн бичдэг гэж сонсож байсан л даа. Эндээс каллиграф ямар өндөр түвшинд тус улсад хөгжсөн нь харагдаж байгаа юм.
-Каллиграфийн үзэсгэлэн болон уралдаанд хэр оролцсон бэ?
-Болор цомын шүлгийг хэн сайн бичих вэ? үзэсгэлэнг Төв номын сангаас зохион байгуулж байсан. Энэ үзэсгэлэнд би ардын уран зохиолч П.Бадарчийн “Тэмээ” шүлгээр оролцож байсан. Ирэх дөрөвдүгээр сард болох “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд анх удаа оролцож өөрийгөө ямар түвшинд явж буйгаа шалгая гээд л бүтээлээ бэлдээд явж байгаа.

-Зураач хүмүүсийн хувьд Каллиграфаар бичихэд илүү ойр байдаг болов уу?
-Санал нийлж байна. Ер нь ихэвчлэн зураач хүмүүс Каллиграфч болдог. Жишээ нь манай багш н.Мөнхбаатар морь их зурдаг байсан. Морины Мо гэдгээр нь хүмүүс андахгүй байх.
-Мэргэжлээрээ ажилладаг хүний хувьд уран бичлэгтээ зориулах цаг зав хэр гардаг вэ?
-Чөлөөт цаг зав гарах л юм бол Каллиграфаа бичээд суучихдаг. Энэ үед орчлонгоос тасарсан мэт тийм л мэдрэмжийг төрүүлдэг. Хүн бүр өөрт тохирох арга барилаар стресс бухимдлаа тайлдаг бол миний стресс бухимдлыг каллиграф мартуулдаг гэж хэлж болно.
-Захиалагчдын зүгээс ямар үгийг илүүтэй Каллиграфаар бичүүлдэг вэ. Өөрийн тань хамгийн их бичдэг үгийн тухайд?
-Янз янз л байдаг. Найр хуримны үеэр гал голомт, Үлэмжийн чанар зэрэг тогтсон жишиг үгнүүдийг бичүүлэх сонирхолтой. Түүнчлэн нэрээ бичүүлэх захиалга их ирдэг. Хүмүүсийн нэрний тухайд болгоомжтой хандахгүй бол болохгүй. Тухайлбал тухайн нэрний утга учир болон гарал үүслийг нь мэддэг байх хэрэгтэй. Цаашдаа гал голомт үгийг бусдаас өөр байдлаар, хүн хараад шууд л уулга алдахаар тийм түвшинд бичихийг боддог.
-Төр засгийн зүгээс Каллиграф урлагийг хөгжүүлэх тал дээр хэр анхаардаг вэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсны дагуу 2011 оноос уламжлал болгон жил бүр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэнгээс өөр төрлийн арга хэмжээ төрийн ивээл дор болдоггүй байх аа. Харин залуучуудын хувьд каллиграфийн урлагийг ихээр сонирхох болсон нь нэг талдаа сайшаалтай юм л даа.
-Каллиграфч хүн ямар байх ёстой вэ?
-Каллиграфч /уран бичээч/ хүн хэл бичиг, дүрслэх урлаг, яруу найраг, үгийн мэдрэмж энэ бүгдийг цогц харуулахын тулд эрэл хайгуулч байх, эртний түүх шастир, монгол бичиг, дүрслэх урлагаа сайн судалж, мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Бичгийн том урлаг болох каллиграф нь мөн хувь хүнийг маш сайн төлөвшүүлдэг гэж боддог. Наад зах нь тэвчээртэй сууж сурахаас эхлээд үндэсний хэл соёлоо хайрлах, омогшил, бахархлыг төрүүлдэг.
-Өөрийн тань бүтээлүүдээс харахад уран сайхны дан ганц бичилтээс гадна уран сэтгэмж дүрслэл Каллиграф урлагт чухал нөлөөтэй болох нь харагдаж байна л даа. Энэ тухайд ?
-Тиймээ. Хэл бичгээс гадна уран сэтгэмж энэ урлагт маш чухал. Тухайн нөхцөлд төрсөн эмоцио уран сэтгэмжид оруулж буулгах юм л даа. Тэгэхээс захиалагч би ийм, тийм дүрслэлтэй каллиграф бичүүлье гэж хэлж болохгүй л дээ. Хэрэв каллиграфч захиалагч хүнийхээ хэлснээр үгийг дүрсэлбэл тухайн бүтээл төдийлөн сайн болохгүй.
-Уран бичлэгийг ерөнхийдөө бэлэг дурсгалын зүйл дээр түлхүү ашигладаг. Удахгүй Мартын-8 боллоо. Ээждээ эхнэртээ уран бичлэгтэй бэлэг барихыг хүсвэл уншигчид маань таньтай яаж холбогдох вэ?
-Баяр дөхөж байгаа учир сүүлийн үеийн Каллиграф бүтээл маань ч үүн рүү чиглэгдэж байна. Миний өөрийн “Уран бичлэг сонирхогчдын групп” гэж байдаг. Холбогдохыг хүссэн хүмүүс энэ групп руу хандах эсвэл 80901160, 99266458 утсаар холбогдож захиалга өгч болно.
Түүний бүтээлийн хэсгээс







Ярилцсанд баярлалаа
Ш.Адъяамаа
Эх сурвалж::Breakingnews.mn
Танай хамт олонд амжилт хүсэе