...
...

Шаабар зөвлөж байна: Амьсгалын замын эрхтнүүд ба түүний эмгэг

Ер нь хүний амьсгал нь гаднаас агаар сорон авч түүний найрлага дахь хүчилтөрөгчийг биеийн хэсгүүдэд шингээж аваад биед хуримтлагдан байсан нүүрсхүчлийн хийг гадагш гаргах үндсэн үүрэгтэй.

Үүнийг агаар солилцоо гэх боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй олон үүргийг амьсгалын эрхтнүүд гүйцэтгэнэ. Амьсгал эхлээд ам, хамраар орж хамрын хөндийд чийглэгдэн, бүлээсээд цааш төвөнх, мөгөөрсөн,  дараа нь гуурсан хоолойгоор дамжин уушгинд ордог. Замдаа мөгөөрс, гуурсан хоолойн дотор хананд байх намираа хучаас эдэнд уушгинд орох ёсгүй жижиг гадны биетүүд тээглэн үлддэг. Эдгээр үлдэгдлийг томхоныг нь хүн ханиах, найтаах байдлаар гадагш гаргах ба үлдсэн жижиг хэсгүүд хоолойноос ялгарах салст, шүүрлийн хамт шүлс, цэр болон хаягддаг гэж ойлгоход болно.

Амьсгалын замын өвчний үед ханиаж, найтаагаад, нус цэр илүү гоожоод байдаг нь гадны биет, нян амьсгалын замд илүүтэй хуримтлагдсан, бас түүнээс болж мөгөөрсөн хоолой үрэвссэн, намираа хучаас эд нь байнгын намирах хөдөлгөөнөө алдсан зэрэгтэй холбоотой. Тиймээс ханиах, найтаах нь нэг талаасаа хүний биеийн өвчин эмгэгийг эсэргүүцэж байгаагийн илрэл мөн учир яаран зогсоох арга хэмжээ авдаггүй нь ийм учиртай. Харин нян, вирус амьсгалын замын тодорхой хэсэгт үрэвсэн гэмтээж, наалдан сорвижих хандлагатай бол эм тариагаар өдөөн ханиалгаж гадагш гаргахыг цэр ховхлох үйлчилгээ гэж нэрлэдэг. Ийм төрлийн эм ууж цэр ховхрон зөөлөн, зовиур багатай ханиах болсны дараа ховхорсон газарт үлдсэн улайлт, хаван, сорвийг илааршуулах эмчилгээ хийж байж бүрэн сэргэдэг. Ингэхгүй эмчилгээгээ дутуу орхивоос үрэвсэл байсан газар гялайн сорвижиж, ялимгүй цочрол болгонд ханиах, хоолой сэрвэгнэх урхаг архаг болон үлддэг. Сорвижин үлдсэн газрын орчимд шүүрэл илүү их ялгарах учир байнга ханиаж, цэр гарах нь сүрьеэ архаг бронхит, бронхийн багтраа, харшил зэрэг эмгэгийн үед илүү илрэх ба тамхи байнга татдаг хүмүүст улам ч илүү ажиглагддаг юм. Амьсгалын эрхтний дараах хэсэг нь төвөнх. Төвөнх зөвхөн амьсгал дамжуулах бус, хүний дуу авиаг зохицуулах үүрэгтэй байдаг. Төвөнхийн ар дээд хэсэгт дундаа байнгын хөдөлгөөнтэй таславч хавхлага маягийн-аар тусгаарлагдан залгиур буюу улаан хоолойн дээд хэсэг зэрэгцэн оршдог.

Хүн агаараас бусад зүйл залгихад залгиурын хавхлага нээгдэж, амьсгалах үед хаагдаж байдаг тул тэр болгон хахаж цацаад байхгүйгээр зохицуулагдсан байдаг. Харин санамсаргүй тохиолдолд хүний залгисан хүнсний зүйл, шүлс цагаан мөгөөрсөн хоолой руу орчихвол хахаж цацан, амьсгал боогддог шүү дээ. Түүний эсрэгээр амьсгалсан агаар залгиур руу их орчихвол зогисох, гулгих, огиулах байдлаар илэрдэг юм. Тэрчлэн төвөнх, залгиурын хоёр талаар тархийг тэжээгч хоёр гол хос судас, мэдрэлийн ширхгүүд багцлан байрлах ба ерөнхийд нь хүзүү гэж ойлгож болно. Хүний хоолой, багалзуурыг шахсан, цохисон, боймилсон тохиолдолд амархан амь насаа алддаг онцлогийг ашиглан дүүжлэн хөнөөх, хоолойг нь боох зэрэг үйлдэл хийгддэг бол гүрээний хос судас тухайн хүний амьд эсэхийг шалгах гол үүрэгтэй байдаг.

Бас хүний амь насыг аврах арга хэмжээг шуурхай авах, сэхээн амьдруулах үед энэ хос хоёр судсанд шууд эм тариа шахах байдлаар ашигладаг. Амьсгалын зам ямар нэг шалтгаанаар хаагдсан үед яаралтай амьдруулах зорилгоор төвөнхийн доод талаар, хүзүүний урдаас цагаан мөгөөрсөн хоолойг цоолж гуурс тавин уушгинд шууд амьсгал оруулах трахестомия гэх шаардлага ч гардаг. Мөгөөрсөн хоолой 10-12 см орчим урттай мөгөөрсөн хоолой юм. Энэ хоолой хүзүүний зургадугаар нугалам орчим хүрээд хоёр салаалж хоёр талын уушги руу орно. Уушгинд ормогц модны мөчир адил тал тал тийш салаалж, төгсгөлдөө усан үзэм мэт олон бөнжгөр цулцангууд хэлбэртэйгээр мухарлагддаг. Эдгээр нь хүний цусанд хүчилтөрөгчийг шимэгдүүлэн оруулж, нүүрсхүчлийн хийг сорон авах онцлогтой гэж ерөнхийд нь ойлгож болно. Цаашид үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай дараагийн дугаарт бичнэ.

Эх сурвалж: Олхонуд Шаабар

“Эрүүл мэнд” номоос...

Санамж: Энэхүү номыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй цувралаар нийтлэж байгаа тул зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ