...
...

Шаабар зөвлөж байна: Амьсгаадах нь өвчний шинж

Амьсгалах гэдэг нь цээжний булчингийн хөдөлгөөнөөс хамааран гаднаас хүчилтөрөгч уушгинд татан авч биеэс нүүрс хүчлийн хий гадагш гаргах үйл ажиллагааг хэлдэг.

Эрүүл хүн нэг минутад дунджаар 14-16 удаа амьсгал авч, гаргах учиртай. Харин хүүхэд бол арай хурдан амьсгалах ба дээд тал нь нэг минутад 20 орчим байна. Үүнээс хурдан буюу олон амьсгалж байвал амьсгаадах гэх ба дээрхээс цөөн амьсгалж байвал амьсгалын дутагдалд орж байна гэж үздэг. Гэхдээ биеийн хүчний ажил хийсэн, гүйж харайсан, өндөр өөд өгссөн, сэтгэл догдолсон гээд олон шалтгаанаар амьсгал түргэсэхийг эмгэг гэж үздэггүй. Бас нойрсож байх үед амьсгал хэвийнхээс 3-4 удаагаар удаасдаг нь хэвийн үзэгдэл. Дээр дурдсанаас бусад тохиолдолд тухайлбал, ажлын онцлогоос хамааран орчны агаар дутагдах, зүрх судасны ихэнх өвчний үед, амьсгалын зам гэмтсэн, хордлогод орсон, халуурсан гээд амьсгал түргэсэх, удаашрах олон шалтгаан байх ба эдгээрийг эмгэг гэж үздэг.

Амьсгаадах нь амь насанд огцом аюулгүй ч байнга хурдан амьсгалаад байвал аажимдаа хүчилтөрөгчийн дутагдалд орох ба уушиг хагас тэлэгдэж агших учир эд эс дэх нүүрсхүчлийн хий нэмэгдэж хордлогын шинж гарна. Дотроосоо угаартаж байна гэж ойлгож болох. Энэ алдагдлаа нөхөхийн тулд хүн улам хурдан хурдан амьсгалах шаардлагатай болно. Тэр хэмжээгээр хордлого нэмэгдэж даруй эмчлэхгүй бол амь насанд аюул учирна. Уушигны багтраа буюу астма өвчний үед ийн амьсгаадах ба аажимдаа цээж тэлэгдэн, хавирга хоорондын зай ихсэж, уушиг устах эмгэг ч үүсдэг. Гэмтсэн хүн түргэн түргэн амьсгаадаж байвал амьсгалын эрхтэн, зүрх судас гэмтсэний шинж мөн. Хавирга хугарсан бол амьсгал түргэснэ. Бас хүчтэй өвдөлтөөс болж амьсгал түргэсч байвал өвдөлтийн шокод орж байна гэж үзэх ёстой. Бага насны хүүхдүүдийн хувьд ханиад томуу туссан үед халууран түүнээсээ болж амьсгааддаг. Харин эсрэгээр амьсгал удаашрах нь амь насанд аюултай. Хүний амьсгал 2-5 минут түгжигдэхэд үхэлд хүрнэ. Тиймээс амьсгал түргэсэхээс илүү удаашрахад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болдог.

Дээр дурдсан хэвийн шалтгаанаас бусад тохиолдолд амьсгаадах нь ямар нэг өвчний шинж тэмдэг байдаг. Эмч нар хүн үзэхдээ амьсгалыг тоолон чагнаж үздэг нь ийм учиртай. Чагнаж үзсэнээр уушигны хатгаа, бронхит, сүрьеэ, астма, зүрхний гажиг, уушиг устах гээд олон өвчнийг оношлох боломжтой. Товчдоо бол шалтгаан тодорхойгүй амьсгал түргэсэх, удаашрах нь ямар нэг өвчин эмгэгийн шинж байх учир эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Амьсгал өөрчлөгдөх нь өөрөө эмгэг, өвчин биш боловч олон эмгэг, өөрчлөлтийн илрэх эхний шинж тэмдэг гэж үзэх учиртай.
Эрүүл чийрэг тамирчин хүн ч гэсэн хэрээс хэтэрсэн хүч гаргаж, их амьсгаадсанаас болон хүчилтөрөгчийн дутагдалд орж унадаг шүү дээ. Багтрах гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд ч гэсэн дээш харуулан хэвтүүлж толгойг гэдийлгэн, цамцны товчийг тайлах, алчуураар сэвэх зэргээр чөлөөтэй амьсгалах боломж олгохын дээр, хөл гарыг хөдөлгөж өгөх нь бахардлаас амархан гаргах боломж өгдөг. Шаардлагатай гэж үзвэл зориулалтын хүчилтөрөгч маскаар дамжуулан өгөх тохиолдол ч гарч болно. Амьсгал удаашрах төдийгүй хэт түргэсэх нь эцэстээ амьсгалын дутагдалд оруулдаг учир ийм тохиолдолд юуны өмнө амьсгалд нөлөөлсөн шалтгааныг арилгах арга хэмжээ аваад эмнэлэгт хүргэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, амьсгалын аппаратад холбож, зохиомол амьсгал өгнө гэсэн үг. Харин амьсгал зогссон хүнд хиймэл амьсгал хийх хэрэгтэй тухай өмнө тусгайлан зөвлөсөн тул үлдээв.

Эх сурвалж: Олхонуд Шаабар

“Эрүүл мэнд” номоос...

Санамж: Энэхүү номыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй цувралаар нийтлэж байгаа тул зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ