...
...

”ROCKIT”: Гарц, Шийдэл, Амжилтын түүхийг цувралаар хүргэж байна

Гарааны бизнес, энтрепренершипийн  бүрэн хэмжээний үндэсний цуврал  контент ”ROCKIT”-ийг  “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.

 

ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь: Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх,  Шинэхэн  бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус,  Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн  ярилцлага, Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.


 

”ROCKIT”-ийн 5 дахь дугаарын "Тэгээс Тэрбум руу" буланд "Ай Си Ти Групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Дэд захирал А.Баттамир оролцсон байна. Хоёр л ажилтантай эхлүүлж байсан бизнес нь өдгөө 250 ажилтантай, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани болж өргөжсөн байна. Тэрбээр төдийгөөс өдийг хүртэлх бизнесийн түүхээ ”ROCKIT”-д хуваалцсаныг хүргэе.

“Манай компанийг хүмүүс  “АйТүүлс”-ээр их мэддэг. Тийм байх нь ч аргагүй. "Ай Си Ти Групп" ХХК-ийн хамгийн анхны компани болох  “АйТүүлс” 2011 онд байгуулагдсан. Дата центер, веб сайт, сервер байршуулах үйлчилгээнд зориулагдсан компани анх байгуулж байсан. 2013 онд  веб хөгжүүлэлтийн “АйДэйм”  болон контент хөгжүүлэлтийн “АйКонтент” гэсэн хоёр, гурав дахь компаниудаа  байгуулж байсан. Тэгж  "Ай Си Ти Групп"  бий болсон. Анх  хоёр хүнтэй л эхэлж байсан.  Компанийн нөгөө хувьцаа эзэмшигч маань бизнес талаа  илүү хариуцаад, миний хувьд техник, технологи талаа хариуцаад явдаг байсан. Манай хамгийн анхны ажилтан бид хоёр инженерээ ч, үйлчлэгчээ ч,  борлуулагчаа ч хийгээд л,  бүх юм аа хийгээд л явж байсан.

Одоогийн байдлаар  “Ай Си Ти Групп"  250 орчим ажилтантай, 32 компанийн бүрэлдэхүүнтэй компани болсон байна. Компаниуд маань бүгдээрээ технологийн чиглэлийнх. Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлэлт хийдэг. Би өөрөө программист мэргэжилтэй. 2010 оны үед нэлээн олон програм хангамж системүүд, веб суурьтай програмууд хийсэн.Тухайн үед нэг програм хийгээд, тэрийгээ хаана байршуулах вэ гэхээр серверүүд байдаггүй. Нэг веб сайт хийлээ гэхэд гадны зах зээлд байршуулдаг. Ихэвчлэн АНУ-ын компаниуд байдаг. Цагийн зөрүү, хэл усны асуудал гээд байдаг байсан. Тэр үед л дата центерийн чиглэлээр үйл ажиллагаа эхлэх нь зүйтэй гэдэг нөхцөл  зах зээлд бүрдчихсэн байсан.

Цаашлаад ч мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт  үндсэн суурь нь дата центер байна. Юм болгон явж байгаад л нэг дата центер, нэг сервер дээр л байршдаг учраас. Дижитал бизнесийн их том суурь болох ёстой юм байна гэдэг үүднээс дата центерийн бизнесээр эхэлсэн.

Технологийн бизнес нэлээн онцлог байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо цахим шилжилт гээд хийгдэж байна. Эд  чинь дандаа цоо шинэ юмнууд. Цоо шинэ юмнууд гэхээр чинь өмнөх  гуч, дөч, тавь, зуун жилийн түүхэнд байхгүй зүйлүүд орж ирж байгаа учраас хуулийн зохицуулалтгүй орчнууд байдаг. Тэгэхээр хууль дүрмээр хориглоогүй бол болноо гэсэн заалтад л хамаараад явдаг. Төр засгийн зүгээс гэх юм бол шинэ зүйлүүдийг маш хурдан хуулийн зохицуулалтад оруулж өгөх ёстой. Бусад орнуудын жишээг харж байхад, цахим шилжилт хийнэ гэж байгаа бол өмнө нь уламжлагдаад явж байсан бизнес процессүүд бүгд шинээр зурагдаж, шинээр тодорхойлогдож явж  байна. Үүнийг дагаад маш олон шинэ зохицуулалтууд гарч ирнэ.

Тухайлбал, манай улс цахим гарын үсгийн хууль гээд арваад жил боллоо. Одоо болтол иргэн бүрийн хувьд энэ нь хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Интернэтийн бизнес бол ковидын үед харилцагчаа авчрах сонирхол байхгүй. Онлайнаар үйлчилгээ үзүүлнэ гэгдэж байгаа бол тэнд хийгдэж буй гэрээ хэлцлүүдийг цахимаар нь баталгаажуулж өгөх ч байдаг юм уу. Хууль эрх зүйн хувьд цаасан баримттай дүйцэхүйц хэмжээний цахим баримтыг бий болгох. Энэ бол энгийн амьдрал дээрх жишээ...

 

Түүний ярилцлагыг үзнэ үү.


”ROCKIT”-ийн  “Стартап Питч" буланд "Эко Майн Системс" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Досан оролцсон байна.

 “Эко Майн Системс” ХХК нь  АНУ-ын Техас мужийн “Emission Technology of Texas” LLC –ийн албан ёсны дистрибьютерээр  ажилладаг. 2001 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн ЭКО системийг  дэлхийн зах зээлд нийлүүлэх, борлуулах онцгой эрхийг авсан компани юм.

А.Досан бизнесээ танилцуулахдаа  “Уг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад оруулж ирэх үндсэн шалтгаан бол Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 675 мянга орчим  авто машины 80% нь арваас дээш жилийн насжилттай байдаг. Автомашины насжилт өндөрсөхийн хэрээр яндангаас ялгарах хорт утааны нэгдэл нэмэгдэх үндсэн шалтгаан болдог. Манай компанийн үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал юу вэ гэхээр машины яндангаас ялгарч байгаа хорт утааны нэгдэл буюу нүүрстөрөгчийн дутуу ислийг, мөн азотын ислийг 95 хувь хүртэл бууруулж өгөхөөрөө онцлог байна.

Хэрхэн бууруулах вэ гэхээр хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад таван төрлөөс сонголтоо хийнэ. Ажиллах зарчим нь маш энгийн. Бензин түлш энэ эко төхөөрөмжийн дундуур дамжин өнгөрөх төдийд бензиний найрлагад байгаа нүүрс устөрөгчийн эмх замбараагүй байгаа молекулуудыг атомын түвшинд задалж өгснөөр хөдөлгүүр дотор бүрэн шаталт бий болно. Ингэснээр таны машины яндангаас ялгарч байгаа хорт утааны нэгдэл 95 хувиар, шатахууны зарцуулалт 30 хувиар буурна. Машины хөдөлгүүрийн эд ангид сөрөг нөлөөгүй.

 

Эко төхөөрөмжийг сонгох гурван шалтгаан бий.

 

  • Байгаль орчинд ээлтэй
  • Санхүүгийн хэмнэлттэй
  • Инновацид суурилсан дэвшилтэд технологи

 

Өнгөрсөн хоёр жилд бид 500 нэр төрлийн 2000 автомашинд Эко төхөөрөмжийг суурилуулж, бодитой үр дүнг харуулсан.

Манай компани зөвхөн Монгол Улсдаа үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дэлхийн бусад бүх улсад эко системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Латин Америк, Казахстанд манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн. Цаашид бүх улс оронд энэхүү технологийг нэвтрүүлэх зорилготой байгаа учраас бид бизнесийн хамтрагч хайж байгаа гэв.

 

Түүний танилцуулгыг дараах бичлэгээс үзнэ үү.


Нэвтрүүлгийн "Бодлогын Зочин" ярилцлагын  буланд  Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал оролцож, “Асуудал ,Шийдэл, Үр дүн”  сэдвийн хүрээнд ярилцсан байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар хөтлөгч түүнээс тодруулан асуухад,  бодлого төлөвлөлт хийдэг төрийн захиргааны байгууллагын үүсэл нь 1945 оноос хуучин Төлөвлөгөөний комиссоос эхлэлтэй гэж байсан. Сүүлийн үед дунд хугацаандаа тогтвортой байдал нэлээн алдагдсан. Үндсэн гол ажил бол Монгол Улсын цогц хөгжлийн төлөвлөлтийг бодлогын  түвшинд хийх гэдгийг тодотгосон.

 Хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийх, салбар хоорондын нэгдсэн бодлогын зохицуулалтыг хангах, орон нутгийн хэмжээний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт гээд цар хүрээ, үүрэг чиглэлийн хувьд нэлээн өргөн. Одоо агентлагийн хэмжээнд 55 хүний бүрэлдэхүүнтэй, чиг үүргийн дагуу хэлтсүүдэд хуваагдаад ажиллаж байгаа.  Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүний нөөцийн  даацаас хэтэрсэн ачаалал ирэх нь байдаг хэмээв.

 

Түүний ярилцлагаас онцлох ЭШЛЭЛҮҮД

 

  • Засгийн газрын тохируулагч агентлаг  Үндэсний хөгжлийн газар яам болж байгуулагдсанаар  хүний нөөцийн хэмжээ, чадавх тэр хэмжээгээрээ томорно,  бүтээмж дээшилнэ, төсөв санхүүгийн асуудал тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Том зургаараа харахаар тэр төсөв нэмэгдэж байгаатай харьцуулшгүй үндэсний том эрх ашиг, хөгжлийн том хурдасгуур, мотор эргэнэ. Яам байгуулагдсанаар гэнэтхэн нэг өдөр хөгжөөд цэцэглэхгүй. Гэхдээ хүрэх байсан газраа илүү богино цаг хугацаанд товчилж хүрнэ. Машинаар бол илүү хурдтай, бүтээмжтэй моторыг байрлуулаад зорьсон газартаа хүрэх гэж байна л гэсэн үг.

 

  • Хөгжлийн бодлогын хувьд реформын мөчлөг дээр явагдаад байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хөгжлийн бодлогын тогтвортой байдал хангагдаад, дархлаа үүсээд баталгаажиж байна. Хөгжлийн бодлогын хууль нарийвчилсан заалттай батлагдлаа. Хөгжлийн бодлогын хууль гарснаар хөгжлийн бодлого их цэгцтэй, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц болж байгаа.

 

  • “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогын баримт бичиг. Энэ хүрээнд дунд хугацааны бодлогын төлөвлөлт дээр Ажлын хэсэг ажиллаж эхлэх гээд бэлэн болж байна. Дунд хугацааны бодлогын хүрээнд  7 төрлийн зорилтот хөтөлбөр багтаж байгаа. Түүн дотроо 5 жилийн үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөө гээд маш цомхон. Алсын хараа нь ойлгомжтой. Тэнд хүрэхийн тулд ямар үе шаттайгаар явах вэ гэдгээ маш тодорхой болгож байна.

 

  • Бодлогын гэсэн категорид ангилагдах 500 гаруй бодлогын бичиг баримт байдаг. Тэдгээрийн чухал хэсгүүдийг Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, Дэд бүтэц, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  зэрэг  7 төрлийн зорилтот хөтөлбөрүүддээ шингээгээд явна.

 

  • Хөрөнгө оруулалтын зөөлөн дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг илүү төрөлжүүлэх чиглэлд яаж арга хэмжээ авах вэ гэдэг нэг асуудал. Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн асуудал мөн явж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа заалтуудаа бусад хуулиудтайгаа уяж өгөх ёстой.

 

  • IT бол их онцлог, чухал асуудал. Хил хязгааргүй орон зайд маш их хэмжээний хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгоод, эдийн засгийн өгөөжийг тухайн татвар төлж байгаа орчиндоо шингээх боломжтой салбар. Нөгөө онцлог нь асар их хурд. Хурдаар л өрсөлдөж байгаа. Ийм орчинд Засгийн газар, УИХ энэ олон түншлэлийн, хувийн хэвшлийн, хөгжлийн чухал асуудлуудыг шийдсэн тоглоомын дүрэм, зохицуулалтуудыг цаг алдалгүй шийдэх нь маш чухал. Зохицуулалтууд тодорхой болсны дараагаар бизнес аяндаа эко системийнхээ дагуу явчихна. Төр зөөлөн, хатуу дэд бүтцийг бэлдээд өгчихөд урсгалаараа явчихна.

 

  • Засгийн газрын 100 төсөл зарлах болсон зорилго нь хөгжлийг хурдасгахад чиглэж байгаа. Төрөл бүрийн шалгуур үзүүлэлтүүдээр төслүүдээ гаргаж ирээд, эрэмбэлээд жагсаалт үүсгээд зарлаж байгаа. 50 нь эдийн засгийн ач холбогдолтой. 25 төсөл нь нийгмийн шинжтэй, амьдралын чанарыг сайжруулах чиглэсэн, бодлогын шийдлүүд юм. Нөгөө 25 нь Хөрөнгө оруулалт, Үндэсний баялгийн сан,  Хуримтлалын сан, “Цахим Монгол” зэрэг  реформын шинжтэй төслүүд.

 

  • Хувийн хэвшлийн хийж чадах төслүүдэд төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, эргэлтэд оруулж, гараанаас гаргая гэсэн зорилгоор 100 төслийг зарласан. Дараагийн шатанд хувийн хэвшилтэй, хамтдаа төлөвлөх боломжийг нээлттэй гаргаж ирж байгаагаараа ач холбогдолтой.

 

  • Стартап өөрөө нэлээн эрсдэлтэй. Тал талаасаа нэгдэх үйл ажиллагаа маш чухал. Нийлээд багцаараа боллоо гэхэд тэрний дараа бас хөрөнгө оруулалт,  төр засгийн дэмжлэг гээд хэрэгтэй болно. Хууль эрх зүйн орчны асуудал бол тал талаасаа явж байгаа, цаг хугацааны л асуудал. Хэрэгжилт дээрээ бид яах вэ гэдэгтээ бэлэн байх ёстой., “Стартап”-ууд ч гэсэн.

 

  • Хатуу дэд бүтцийн төслүүдээс гадна soft дэд бүтцийн нэгэн том төслийг Монголд мэндлүүлэх, жишиг болгоод хөгжүүлээд гаргаж ирэхэд, тал талын дэмжлэг оролцоо, зохицуулалт тэр бүхэн дээр цаг хугацаа, мэдлэг зарцуулж ажиллах нь нэг талаасаа амлалт, нөгөө талаасаа үүрэг л дээ. Яагаад гэхээр энэ бол том боломж.

 

”ROCKIT” НЭВТРҮҮЛГИЙН 5 ДАХЬ ДУГААР БҮРЭН ЭХЭЭРЭЭ 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ