...
...

Шороон замын ТЭЭВРИЙН ЭСРЭГ малчид тайван замаар тэмцэж эхлэв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхлэв. Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид  нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоожээ.

Тэмцэл эхлүүлсэн малчид нүүрсний тээврийн замыг хааж, ээлжээр хонох байдлаар манаанд гарч эхэлсэн бөгөөд Хангийн Хэц гэдэг газарт байрлаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр малчдыг бизнесийн эсрэг замбараагүй байдал үүсгэж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тус сумын удирдлагууд “Малчид нүүрс тээврийн замыг хааж эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж байгаа” гэж байлаа. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед малчид ийм эрсдэлтэй алхам хийж байгаа тул Өмнөговь аймгийн Онцгой комиссоор уламжлуулан Улсын онцгой комисст өргөдөл гарган хүргүүлжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Чойр, Шивээговийн чиглэлд говийн дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин 430 гаруй км шороон замаар цувж байгаа нүүрсний тээврийн хууль бус үйлдлийг зогсоохоор Цогтцэцийн иргэд, малчидтай Өлзийт, Баянжаргалан зэрэг сумынхан нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор сум, орон нутгийн засаг захиргаанаас Өмнөговь аймгийн Онцгой комисст нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч “Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед олныг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийх хориотой. Гэвч бид арга ядсандаа ийм шийдэлд хүрч байгаа малчдынхаа зовлонг ойлгохоос аргагүй байна. Иймд эхний ээлжид Билгэх багийн нутагт нүүрсний тээврийн машин зогсоож, ээлжээр хонож байгаа малчиддаа нэг удаагийн амны хаалт болон хамгаалалтын битүү хувцас зэргийг хүргүүлсэн. Мөн заавар, зөвлөгөө өгөөд энэ талаараа аймгийн ОБК-т албан ёсоор мэдээлээд байна” гэсэн тайлбар өглөө.

“СТРАТО” ХХК-ИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАВ

“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-аас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудад өчигдөр хүргүүллээ. Шаардлагад “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ, Хил хязгааргүй алхам ТББ-ууд TV8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгээр дамжуулан Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Страто” ХХК-тай холбоотой асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга, ярилцлага, ТВ хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудын байр суурь, баримт нотолгоог нийтэд ил тод мэдээлж байна.  Үүний дагуу бид нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй “Страто” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дараах шаардлагыг хүргүүлж байна” гээд доор дурдсан үндэслэлийг иш болгожээ.

“Нэгдүгээрт, “Страто” ХХК нь 2019 онд БОНБҮ-г батлуулаагүй, огт байхгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Шивээ Овоогийн нүүрсний шүүрлээс бүрдсэн Хаялга нуурын уснаас хэрэглэхээр ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-нд тусгасан хэдий ч одоог болтол ашиглаагүй, хашаандаа зөвшөөрөлгүйгээр хоёр гүний худаг гаргаж 2019 оноос бүтэн жил үйл ажиллагаа явуулсан. Нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн 2018 оны аравдугаар сараас хойш долоон сарын дараа 2019 оны тавдугаар сарын 20-нд БОНБҮ-г нөхөн хийлгэж БОНБҮ-ний тухай хууль зөрчсөн байна. БОНБҮ-ний тухай хуулийн  18.5 болон БОАЖЯ-ны сайдын 2014 оны А03 тоот тушаалаар батлагдсан “БОНБҮ-д олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ыг огт мөрдөөгүй, багийн ИНХ-аар хэлэлцүүлж санал авах тухай, тогтоол, тэмдэглэлийн хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй, оролцоог хангаагүй тул эрх зүйн чадамжгүй байна. Иймд “Страто” ХХК-ийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох.

Хоёрдугаарт, Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн дагууд нүүрсний тээвэрлэлтийг нэн даруй зогсоох. Учир нь уг чиглэлд хийгдэж байгаа нүүрсний тээвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж заасныг зөрчиж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, ТЭЗҮ батлуулалгүйгээр Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын 13 багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч нийт 430 гаруй километр газарт 10 хүртэл километр өргөнтэй, 13 хүртэл эгнээ зам үүсгэн тээвэр хийж байгаа нь байгаль орчинд нэн хортой нөлөөлөл үзүүлж, экологийн хохирол учруулсаар нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Мөн дээрх гурван аймгийн долоон сумаас гадна, Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ч байгаль, экологийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тухайн маршрутын дагууд Их газрын чулуу, Заган усны Байгалийн нөөц газар, Уул хадаргана аймгийн тусгай хэрэгцээний газар, отрын бүс нутаг, морь уралдуулах газар зэргийг дайран өнгөрч байгааг харгалзан үзэх шаардлагатай. Замын ажил явуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласан.

Гуравдугаарт, хууль зөрчсөн олон тооны үйлдлийн жишээ болж байгаа “Страто” ХХК-тай холбоотой дээрх зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах зорилготой хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллах. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, ЗТХЯ, МХЕГ, АМГТГ, БХБЯ, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын болон иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тэгш хангаж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.

Дөрөвдүгээрт, “Страто” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас экологид учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээ хийлгүүлж, экологи, хүн амд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх. Үүнд, 430 км шороон замд үүссэн экологийн хохирол, зам дагуух иргэд, малчдад учирсан хохирол болоод зөвшөөрөлгүй гүний худаг гаргаж, ус ашигласны хохирол зэргийг нэн яаралтай тогтоож, хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэхийг шаардаж байна” гэжээ.

ХУУЛЬ БУС НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭДИЙН ҮГ

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг  сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тухайн үед Цогтцэций сумын Билгэх багийн малчин иргэд хэрхэн байр сууриа илэрхийлж байсныг хүргэе. 

Билгэх багийн малчин Б.Чулуунцэцэг: Зам замбараагүй болсон

-Бид энэ нүүрс тээвэрлэлийг эсэргүүцдэг. Жолооч нар хаа дуртай газраараа явж байна. Бэлчээр, усыг сүйтгэж, хог хаяж байна. Хүн, малын уушги тоосоор амьсгалж байна. Мал гаргахад зарим малын гэдэс дотор цээжиндээ наалдсан гарч ирж байгаа. Өмнө нь зүгээр байсан. Тоосжилттой холбоотой болов уу гэж бодож байна. Нүүрсний машин хоёр тийшээ бөөн бөөнөөрөө явж байна. Бид бүхэнтэй хамгийн ойр байдаг хүн багийн Засаг дарга учраас багийн даргадаа л хэлдэг. Хэл ам хийж байгаад маршрут гаргаад зам хуссан ч түүгээрээ явахгүй байна. Дуртай газраараа явж байна. Зам  замбараагүй болсон.

Билгэх багийн залуу малчин Ж.Тайван: Тэмцээд хүч хүрэхгүй байна

-Хатуу хучилттай замтай болгоод тээвэрлэлт хийнэ гэсэн ч тэгээгүй. Өнгөн хөрсийг нь хуулаад сул хөрсөн дээр яваад баллаад хаясан. Тийм сул хөрсийг гаргачихаар жижиг машин явах аргагүй болж байна. Өөрсдийнх нь том машин хүртэл сул хөрсөн дээр тулаад явах аргагүй болохоор хажуугаар нь өөр зам гаргаад давхиад байдаг. Хүнд даацын машин нэг удаа явчихаар нь тэр зам болж үлдээд, бусад машинууд нь тэр гаргасан замаар нь давхисаар байгаад, манай энэ нутагт хэдэн зуун метр газарт ч замтай болчихов доо. Дуртай газраараа зам гаргаад давхиад байгаа жолооч нарт хэлэхээр төөрөөд гэхчилэн зүйл хэлдэг. Тэмцээд хүч хүрэхгүй байна.

Билгэх багийн малчин Х.Ангараг: Нүүрсний тээврийн тоос  20-30 км газарт тархаж байна

-Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол хүний  эрх зөрчигдөж байна. “Страто” компани сайжруулсан зам тавина гэж анх мэдэгдсэн. Сайжруулсан зам нэртэй ийм хуссан замаар явахгүй ээ. Малчид сум орныхоо удирдлагадаа, баг, сумын Засаг даргадаа хэлдэг. Манай удирдлагууд болохоор дээшээ хэлдэг ярьдаг газраа хэлж байна. Бидний мэдэл хүрэхгүй байна гэдэг. Нүүрс тээвэрлэсэн машинууд цагаан сарын өмнө яваад л байсан. Дараа нь бүр их явж байна. Хаа дуртай газраараа явж, тоос нь 20-30 км газарт тархаж байна. “Страто”-гийн нүүрс тээвэрлээд байгаа энэ зам дагуу малчин бидний малаа маллах ганц боломжтой бүс нутаг байсан юм, уг нь. Одоо ан амьтан байх нь байтугай бидний мал бэлчээрлэх боломжгүй болж байна.

Цогтцэций сумын малчин Т.Жаргал: Арван хэдэн салаа замаар нүүрс тээвэрлэж байна

-Найм, есөн жилийн амьдралаа зориулж бууц барьсан юм. Энэ бууцан дээрээ байж байгаад л хойч насандаа очих байлгүй дээ. Уг нь энэ замаар Чойрын түлшний л тээвэр явдаг байсан. Ноднингоос нүүрс тээвэрлэлт яваад байна. Энэ учир холбогдлоор малын бэлчээргүй болж малын уушгинд тоос сөрөг нөлөө үзүүлж байна. Ямаа гаргахад уушги, хавиргандаа наалдацтай байх болсон. Ер нь манай нутагт уул уурхайн нөлөө их бий. Салхи баруун урдаасаа байдаг учраас тоосжилтод илүү өртдөг. Хоёр машин яваад өнгөрөхөд л маш их тоос болж байна. Манай энэ хэсэг нам дор газар. Салхи багатай үед маш их тоос гарч, тогтож байна. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нь бид улсын ажил хийж байгаа гэж дайрдаг. Уг нь замыг биднээс ухаантай улсууд л хийсэн баймаар юм. Гэтэл өнгөн хөрсийг нь аваад хаячихаар тоосжилт улам их үүсэж байна. “Страто” компани хэдхэн сарын дараа асфальтан зам тавина гэсэн, тавиагүй. Машинууд манай бууцны хажуугаар ч явна. Арван хэдэн салаа зам болгочихсон. Малын бэлчээр маш багасаж байна. Арга ядаад хэдэн жолооч нартай л үзэх юм. Нүүрсний тээврийн машины араас мотоциклиороо хөөцөлдөөд л шаардлага тавьдаг.

ШОРООН ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БУЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН УДИРДЛАГУУДЫН ҮГ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын удирдлагууд “Страто” компанийн хууль бус үйлдлийг зогсоохын тулд ажиллаж өдийг хүрсэн ч хүч бяр нь хүрэхгүй байгаа гэж хэлдэг тухай нутгийн малчид хэлж байсан. Тэгвэл тус сумын удирдлагууд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя.

Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү:  Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдлээ

-Нүүрсний тээвэрлэлт манай багийн нутаг дээгүүр 50 км газар үргэлжилдэг. Хуссан зам дээрээ дэвсэнэ гээд хаа дуртай газраасаа зөвшөөрөл авахгүйгээр хөрс шороо хуулж авдаг. Манай энэ хавьд гэхэд зүүн тийшээ 3-4 газар ухсан байгаа. Уг нь манай нутаг  мал аж ахуй таван төрлөөр өсгөхөд байгалийн нөхцөл бүрдсэн нутаг. Гэтэл ингээд “Страто” нүүрс тээвэрлээд, Ханги-Мандалын төмөр зам гээд гурав хуваачихсан. Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдээд зэрлэг ан амьтан байх боломжгүй. Малчид байнга утсаар ярьж, гомдлоо хэлдэг. Маршрутын гээд гаргасан замаар явдаг уу гэвэл үгүй. Би өөрийн эрх хэмжээнд л  ажлаа хийж байна. Шат шатны байгууллага, мэргэжилтнүүд ирж энэ нөхцөл байдалтай танилцахгүй бол бид эндээ хэчнээн хэлж, яриад нөлөөлөл нь бага байна.

Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч: Тэд үнэхээр бяртай, аархуу байна

-Сайжруулсан замаар нүүрс тээвэрлэнэ гэж худлаа. Зам тавигдахгүй бол явуулахгүй. Өнгөрсөн жил явуулахгүй гээд явчихсан л даа. Би бизнесийг эсэргүүцээгүй. Би ямар дүгнэлт хийж байгаа вэ гэхээр надад, энэ  нутгийн иргэдэд,  байгаль орчин энэ сүйрлийн эсрэг тэд үнэхээр бяртай, аархуу, аварга байна. Анх А.Баттүшиг гэж захиралтай энэ компани тээврийн маршрут батлуулах тухай гээд Зам, тээврийн хөгжлийн тухайн үеийн сайд Я.Содбаатарт хандсан байдаг. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай зам болох ёстой. Тэр хүсэлтэд нь “Манай компани Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутаг дэвсгэрт жилд 1.5 сая тонн нүүрс угаах баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Баяжуулах нүүрсийг Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэнэ. Говьсүмбэр аймгийг дамжин Замын-Үүдээр Эрээн хот дамжин экспорт хийгдэхээр төлөвлөж байна. Ийм учраас тээвэрлэлт хийх маршрутыг баталж өгнө үү” гэсэн байдаг. Замын зэрэглэлийг өөрчлөх эрх нь яаманд байгаа. Түүнийг шийдэхэд орон нутгийн санал авах ёстой юм. Тэр дагуу Я.Содбаатар сайд “Страто” компанийн хүсэлтийг судалж, саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг аймаг руу явуулсан байдаг. Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраас 2019 оны хоёрдугаар 13-наар огноолсон бичиг ирсэн. Би “Та бүгдийн хүсэлтэд дурдсан Цогтцэций сумын нутагт 80-90 км үргэлжлэх зам дагуу 40 гаруй малчин айлын өвөлжөө, худаг ус, малын бэлчээр өртөх бөгөөд өвс нь соргог, ургамлын төрөл зүйлийн бүтэц сайн, хавар, зун, намарт оторчдын олонх нь нутаглаж малаа тарга хүч авхуулдаг тус сумын гол бэлчээр нутаг болох тул дээрх саналыг хүлээж авах боломжгүй” гэдэг хариу өгсөн. Мөн аймгийн Засаг дарга тайлбар явуулсан байна лээ. Түүнд нь маш тодорхой байгаа. Аймгийн Засаг даргын бичигт “Цогтцэций сумын Өгөөмөр, Сийрст багийн нутаг дэвсгэр нь уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2008 оноос хойш тасралтгүй явагдсаны улмаас сумын нийт нутаг дэвсгэрт олон салаа зам бий болж, газар хөрсний эвдрэл, тоосжилт ихээр нэмэгдэж, малын бэлчээр сүйдэж, ан амьтан дайжиж, нэн ховор ургамлыг устгах зэрэг байгаль орчны унаган төрх байдал алдагдах сөрөг нөлөө үүссэн. Орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгох замыг Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр төлөвлөсөн байна. Тус баг нь сумын хэмжээнд уул уурхайд өртөөгүй үлдсэн газар юм. Нүүрс тээвэрт тусгай зам ашиглах үүрэгтэй бөгөөд Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоолоор тээврийн зам хатуу хучилттай байхыг заасан байдаг” гэх мэтээр учирласан байсан. Гэхдээ “Страто” компани санасандаа хүрч уг замыг улсын чанартай болгуулж авсан.

Авто замын тухай хуулийг зөрчиж байна. Зам тээврийн сайд тавдугаар сарын 3-нд тэднийхээр маршрут тогтоогоод улсын чанартай зам болгочихсон. Улсын чанартай болж байгаа юм бол энэ хуулиараа тусгай зориулалтын зам байх ёстой. Энэ замыг хатуу хучилттай болгох ёстой биз дээ. “Страто” гэдэг компани нүүрс угаах үйлдвэр байгуулаад нүүрс тээвэрлэх бизнес хийх надад хамаагүй. Харин би нутаг дэвсгэртээ хуулийн дагуу шаардлага тавих үүрэгтэй шүү дээ. Ашигт малтмал ашиглах, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хууль дүрмүүдийг ч энэ компани зөрчиж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ компанийнхан намайг удаа дараа элдвийн шалтагаар шүүхэд өгч, АТГ-т шалгуулж байсан. Энэ хүмүүсийн арга барил нь тэр. Би аймгийн Засаг даргад санал тавьж 10 сая төгрөг гаргуулж аваад тус компанийн явсан 20 км шороон зам дээр мэргэжлийн байгууллагаар экологийн хохирол тогтоолгосон. 750-иад сая төгрөгийн хохирол төлүүлэх дүгнэлт гаргуулж шүүхэд өгсөн. Зөвхөн 20 км зам дээр шүү дээ. Зөвхөн манай сумын нутгаар явж байгаа тэр 70, 80-аад км газрыг бүгдийг нь оруулбал энэ хэд дахин нэмэгдэнэ. Гол нь Цогтцэций сумын багахан бэлчээрийн талбайг малчид ашиглаж чадахгүйд хүрлээ. Би ямар дүгнэлт хийж байна гэхээр эд нар аймар бяртай хүмүүс юм. Надад, нутгийн ард түмэнд бол аварга л байна. Манай Цогтцэцийн ард түмэнд нэг сайхан юм бий. Хэзээ ч төр засгийн явуулсан ажлыг эсэргүүцдэггүй. Гэхдээ хууль дүрмийн дагуу явмаар байна. Нутгийн ард иргэдийг бодох ёстой биз дээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  ИТХ-ын дарга Г.Бацмаа: Мал, малчин хоёроо авч үлдэх ёстой

-2019 оны хавар Билгэх багийн чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж, бэлчээр, нутаг сүйтгэж байна гэсэн мэдээлэл иргэдээс их ирсний дагуу ИТХ-аас Ажлын хэсэг байгуулж,  хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийг аваад газар дээр нь очиж үзсэн юм. 2019 оны тавдугаар сарын 6-нд дөрвөн багийн хурал зарлаж, сумын ИТХ-ыг нээлттэй хийсэн. Хуралд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, орон нутгийн удирдлагууд оролцсон. ИТХ-ын тэргүүлэгчид шороон замаар нүүрс тээвэрлэхтэй холбоотой асуудлаар  иргэдийн саналыг авсан. Оролцогчид бүгд саналаа хэлсэн. Хурлын тэмдэглэл, малчдын захидал, албан бичгийг Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүн Л.Энхболдолд тус тус хүргүүлсэн. Малчид уг асуудлаар 2019 оноос хойш санал бодлоо хэлээд, илэрхийлээд, гарын үсгээ зурлаа. Хурлаа хийлээ. Сум орон нутгийн зүгээс хүсэл шаардлагыг хүргүүлсэн боловч байдал хэвээрээ байна. Манайх хамгийн цөөхөн мал, малчинтай сум. Уул уурхайг хөгжүүлж байгаа ч мал, малчин хоёроо авч үлдэх ёстой. Бид үүнийг зогсоохын төлөө л явж байгаа.

Ж.БАЯР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ