...
...

Япон улсад суралцаж буй докторант, судлаачдын нэгдсэн II форум боллоо

“Япон дахь докторант, судлаачдын бүлгэм” нь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран "Эх орны хөгжилд шинжлэх ухаан" уриан дор “Япон дахь Монголын докторант, судлаачдын нэгдсэн II форум”-ыг энэ сарын 23-нд Токио хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус форумд Монгол, Япон, Австрали улсаас уригдан ирсэн зочин багш нар болон Японд эрдэм шинжилгээ, судалгааны мөр амжилттай хөөж буй сэнпай төгсөгч нар өөрсдийн өнөө хүртэлх эрдэм шинжилгээний замнал туршлагаасаа хуваалцахаар уригдан ирж, илтгэл тавин нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн Японд сурч ажиллаж буй нийт 50 гаруй залуус Токио, Кюүшү, Хирошима, Осака, Киото, Айчи болон Хоккайдо мужаас ирж оролцлоо.

Форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж буй тухайгаа Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал форумыг нээж хэлэхдээ онцлон тэмдэглээд, улс эх орны хөгжилд Японд сурч хөдөлмөрлөж буй эрдэмтэн судлаачдын оролцоо нэн шаардлагатайг анхааруулсан юм. 

Форумд оролцогсод өөрсдийн судалгааны үр дүнгээ ханын илтгэл тавьж танилцуулахаас гадна судлаач хоорондын харилцаа холбоог сайжруулж, харилцан туршлага солилцох, Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах, Япон улсын дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх тал дээр санал бодлоо солилцлоо.

Дашрамд дурдахад, 2016 онд доктор болон докторантуудын санаачилгаар байгуулагдсан “Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-д одоогийн байдлаар 210 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд тус форумыг үр дүнтэй зохион байгуулахад төслийн санаачлагч,  Васеда их сургуулийн судлаач Др. М.Ариунтуяа тэргүүтэй 17 залуу судлаач Японы өнцөг булан бүрээс сайн дурын үндсэн дээр нэгдэн форумын ажлын хэсгийг бүрдүүлэн гар нийлэн ажиллажээ.

Монгол Улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтад суралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай байгаа ба энэ оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 300 гаруй хүн хамрагдан эрүүл мэнд, инженер, технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байна.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ