...
...

МСНЭ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар ЦЕГ, ТЕГ-т хандана

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Эл асуудалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т дахин албан шаардлага хүргүүлэхээр боллоо. 

Дахин гэдгийн учир нь 2018 оны дөрөвдүгээр сард нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ХЗДХЯ, ЦЕГ, Прокурорын байгууллагад МСНЭ-ээс мөн шаардлага хүргүүлж, анхаарал хандуулж байсан юм. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр эл мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
 


Тэрбээр “2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар МСНЭ албан ёсны байр сууриа илэрхийлж, ЦЕГ-т албан шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл энэ удаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь үнэн гэж мэдээлэл хийлээ. МСНЭ энэ асуудал дээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллана. Буруутай этгээдийг ил болгох, хариуцлага тооцуулах асуудлыг гаргаж тавина. Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар байдалд хүрснийг, улстөрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрснийг гэрчилсэн үйл явдал боллоо. МСНЭ-ээс өнөөдөр ЦЕГ, ТЕГ-т дахин албан шаардлага хүргүүлнэ” гэжээ.

Хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлсэн гэх ба УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцохдоо энэ тухай ярьсан юм. 

Засгийн газраас хуулийн давхардлыг арилгах зорилгоор өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан мягмар гаригт (2019.10.29) Төрийн ордонд хуулийн өөрчлөлтөд хамаарал бүхий төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болсон ба энэ үеэр тэрбээр "Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж Тагнуулын ерөнхий газарт албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал” гэсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ