...
...

Монгол-Япон сургалтын эмнэлэг албан ёсоор үүд хаалгаа нээлээ

Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро, хүндэт зочид төлөөлөгчид, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов. Энэхүү эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа эмнэлэг болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг болов. Монгол улсын Засгийн газраас их сургуулийн эмнэлэг барих, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Японы Засгийн газарт хүргүүлж байсан нь өнөөдөр ийнхүү биелэв. АШУҮИС-ийн энэ эмнэлэгт мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж байгаа юм. Уг сургалтын эмнэлэгт БЗД-ийн зарим хорооны иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байгаа энэхүү эмнэлэг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар сүндэрлэн бослоо.

Япон-Монголын Их сургуулийн эмнэлэг нь сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх болж байгаа нь энэ эмнэлгийн бас нэг онцлог.  Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, давхар зардал гаргадаг явдал багасна гэдгийг салбарын сайд болод Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Япон стандартаар арав дугаар сарын 1 хүртэл Start Up буюу тоног төхөөрөмжөө турших, эмч мэргэжилтнүүдээ тоног төхөөрөмж дээрээ ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж жигдрүүлсэний дараа иргэдэд үйлчилж эхэлнэ. Эмнэлгийн менежментийг Япон улс 5 жилийн турш хариуцах юм.

Нээлтийн үеэр АШУҮИС-ын захирал Ж.Цолмон сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр “Монгол, Япон улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол-Япон сургалтын эмнэлгийг бүтээн байгуулж хүлээлгэн өгч байгаа түүхэн өдрийн мэндийг хүргэе. Японы ард түмний чи сэтгэл шингэсэн Монгол-Япон сургалтын эмнэлгээ 17-р жарны гахай жилийн зуны дунд цагаан морь сарын бэлгийн тооллын хөх бич өдөр буюу Япон улсын цог жавхлант шинэ эзэн хаан ширээндээ заларсан Рэивагийн тооллын энэ өдөр бид бүхэн хүлээн авч байна. Энэхүү үйл явдал нь Монгол улсын анагаах ухаан, эрүүл мэнд, дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн түүхэн бахархалт үйл явдал болж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон энэ эмнэлэгтээ Япон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголчууд бидэнд эх орондоо авах сайхан боломж бүрдэж байна. Дэлхийн жишигт нийцсэн чадварлаг эмч мэргэжилтнийг бэлтгэх, сургалт судалгаа явуулах, эмнэл зүйн шинэ техник технологи нэвтрэх, нутагших энэ эмнэлэгт Манай их сургуулийн багш, эрдэмтэн профессорууд нэр төртэй ажиллаж, шинэ шинэ амжилт бүтээлийн эзэд болон эх орон, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн хөдөлмөрлөнө гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус эмнэлгийн нээлтэд зориулж үг хэлсэн юм.

Тэрбээр "Одоогоос 30 жилийн тэртээ манай улс ардчилал зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс эхлэн Япон улсын засгийн газар ард түмэн Монголчууд бидэнд сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж ирсэн билээ. Япон улс манай улсын томоохон хандив тусламж үзүүлдэг эх орон төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Монгол улсын ардчилсан засгийг дэмжихийг уриалан дэлхийн банктай хамтран дэлхийн томоохон хандивлагч нартай хуралдаж байсан түүхтэй. Монгол улсын ардчилал зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлүүдийг төлөвшүүлж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрч чадсан. Бидэнд ололт амжилт, алдаа дутагдал аль аль нь байгаа. Ололт амжилтаасаа хуваалцах ёстой бидний эрхэм анд нөхөд бол Япон улсын ард иргэд засгийн газар гэж үздэг юм. Иймд Япон Улсын гадаад хэргийн сайд Коно Таро болон танаар уламжлан Японы ард түмэн Монголын ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг уламжлав. Монгол улсын засгийн газар иргэдийнхээ эрүүл энх урт удаан амьдрах нөхцөлийг хангахыг онцгой анхааран ажиллаж байдаг. Монгол-Япон сургалтын энэхүү эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран, дүрс оношилгооны иж бүрэн 106 нэр төрлийн 493 ширхэг багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Мөн манай эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах 24 удаагийн сургалтыг давхацсан тоогоор 3000 орчим эмч, эмнэлгийн ажилтан сургалтад хамрагдсан байгаа юм. Ийнхүү мэдлэг чадвартай багш, эмч, мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологитой сургалт судалгааны эмнэлгийг хүлээлгэн өгч байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн онцолсон юм. 

Япон стандартын энэхүү эмнэлгийг нийт 170 тэрбум төгрөгийн өртгөөр бий болгосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх явцаа ерөнхийд нь гурав хувааж, шат дараалалтайгаар ашиглалтад оруулна гэсэн. Тухайлбал, 2019 оны зун буюу энэ сард амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулах бол дараа нь мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхлэхээр төлөвлөжээ. Ингээд яаралтай тусламжийн тасгийг ашиглалтад оруулснаар эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх боломж бүрдэх юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ