...
...

Ж.Цолмон: Оны эцэс гэхэд эмнэлгийнхээ үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар зорьж байна

МОНГОЛ –ЯПОН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ НЭЭЛТИЙН ЁСЛОЛОО ХИЙЛЭЭ

Монгол улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас бичигдэж, Монгол улс анх удаагаа их сургуулийн эмнэлэг гэсэн статусын эмнэлэгтэй болж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж ярилцлаа.


-  АШУҮИС-ийн бүтээн байгуулалтын их ажлын бодит биелэл болсон Монголын анхны их сургуулийн эмнэлгийн нээлтийн ёслол болсон түүхэн үйл явдал боллоо. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

- Монгол, Япон Засгийн газар хоорондын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны бодит биелэл болох орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа сайхан боллоо. Энэ удаагийн ёслолын үйл ажиллагаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах ажил эхэлж буйн илэрхийлэл юм. АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын ажил “Монгол-Япон сургалтын эмнэлэг” төслийн хүрээнд 2016 оноос  баригдаж эхэлсэн бөгөөд барилгын явц жилээр хоцрогдож явсныг ЖАЙКА, Канто компанитай гурван удаагийн уулзалтыг зохион байгуулж ажлын шинэ төлөвлөгөө гаргаснаар найман сарын өмнө барилгын ажлыг дуусгаж, 2019 оны 4-р сарын 01-нд бид барилгаа улсын комиссоор оруулан, 2019 оны 6-р сарын 16-ны өдөр эмнэлгийнхээ нээлтийн ёслолын үйл ажиллагааг хийлээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Таро гэргийн хамт болон албаны 30 гаруй хүмүүс мөн Японы гуч гаруй их дээд сургуулийн ерөнхийлөгч нар нийт 100 гаруй гадны төлөөлөгчид, Монголын нийгэм, улс төрийн хүндэт төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсон.

“Монгол-Япон сургалтын эмнэлэг”  маань бүх нийтийн хүчин зүтгэл, хүсэл мөрөөдлийн үр дүнд Академич Анагаах ухааны доктор, профессор Д.Лхагвасүрэн багш маань ЭМШУИС-ийн захирал, миний бие Удирдах зөвлөлийн дарга байх үед үндэс нь тавигдаж, АШУҮИС-ийн захирал  Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатарын үед эхэлж, миний үед биеллээ олж байна.  “Монгол-Япон сургалтын эмнэлэг”-ийг анх эхлэл суурийг нь тавихаас эхэлж барилгаа барьж дуусгаж, нээлтийн үйл ажиллагаагаа хамт олонтойгоо хийж байгаадаа би маш их бэлгэшээж байгаа. Тиймээс энэ дашрамд АШУҮИС-ийн эрдэмлэг хамт олныхоо өмнөөс, Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянга мянган төгсөгчдийнхөө өмнөөс Япон улсын Засгийн газар, Японы ард түмэн, ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар, эмнэлгийн барилгын төслийг хэрэгжүүлсэн Ямашите Секей, Канто, Жунсон компаниуд болон тоног төхөөрөмжийн төслийг хэрэгжүүлсэн Марубен, менежментийн төслийг хэрэгжүүлсэн Токушима, Ихэмэгийн их сургуулийн эрдэмтэн профессоруудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бол бид бүгдийн хамтын том хүч, хүсэл мөрөөдөл, хөдөлмөрийн үр шим юм.

- Япон Улсын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийг бүрэн хангаж өгсөн. Нийт хэчнээн төгрөгийн санхүүжилттэй бүтээн байгуулалтыг босгосон бэ?

- Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, менежментийн төсөлд 7.9 тэрбум иен буюу 174 тэрбум төгрөг орчим хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын Засгийн газар тодорхой хувийн хөрөнгө оруулалтыг оруулах үүргийг гэрээгээр хүлээсэн. Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, компьютер томограф зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн. Барилга байгууламжийн хувьд усны цэвэршүүлсэн систем, бүрэн тусгаарлалт бүхий агааржуулалтын систем, аюулгүй байдлыг хянах хамгаалалтын тогтолцоог япон стандартаар бүрдүүлж өгсөн. Түүнчлэн Япон менежментээр ажиллах зохион байгуулалт, аюулгүй, эрсдэлгүй, үйлчлүүлэгч төвтэй олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тиймээс бид Монгол Улсын анхны  Их сургуулийн эмнэлэг гэх эрхэм нэр хүндийг өндөрт өргөж, аюулгүй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, чадамжтай эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргахын төлөө АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, эмнэлгийн мэргэжилтнүүд чадах бүхнээ дайчлан хичээн ажиллах болно.

- Сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллахын тулд сайн бэлтгэгдсэн болов-сон хүчин шаардлагатай. Энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

- Эмнэлгийн менежментийг бий болгох техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Япон Улсын Токушима их сургууль болон Эхиме их сургуулиудад зохион байгуулагдсан найман удаагийн сургалтад жаран дөрөв, монголд зохион байгуулагдсан арван хоёр удаагийн сургалтад давхардсан тоогоор нийт мянга таван зуу орчим багш, эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнийг хамруулсан. Мэргэжилтнүүд маань  эмнэлгийн захиргаа, үндсэн болон дэмжих үйлчилгээний менежментийн чиглэлүүдэд хуваагдаж сургалтад хамрагдсан. Эмнэлэг дээр онол болон практикийн өндөр мэдлэг, ур чадвартай эмч, багш нар ажиллахаас гадна манай сургуулийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудын профессорууд ирж хамтарсан эмнэл зүйн болон, шинэ техник, технологийг нэвтрүүлж ажиллана.

- Эмнэлгийн үйл ажиллагаа эхлэхэд хэдийн хугацаа шаардлагтай байгаа вэ? Бэлтгэл ажил ямар төвшинд явж байна?

- Цоо шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлж байгаа тохиолдолд бэлтгэл ажил маш сайн хийгдсэн байх шаардлагтай. Эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэг дээр өвчтөн ирэхээс авхуулаад үзлэг дуусаад эмнэлгээс гарах хүртэлх бүх үйл ажиллагааг дэс дарааллын дагуу стандартын төвшинд симуляци хэлбэрээр явуулж үе шаттайгаар эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэж ажлыг хангаад явж байна. Японы талаас тус эмнэлгийг Монгол уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн жаран хоёр ортой эмнэлэгтэй холбох гүүрэн байгууламжийн ажил одоо хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссаны дараа эмнэлэг маань үйл ажиллагаагаа эхлүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ хугацаанд бид симуляцийг тасралтгүй явуулж, эмнэлгийн мэргэжилтэн хүний нөөц бүрдүүлэх, сургалтад хамруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж дээр ажиллах инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, төсөв санхүүгээ бүрдүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллана. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг бодитоор эхлүүлэх хүртэл ойролцоогоор 3-4 сар шаардагдах төлөвтэй байна. Бид .

- Мэдээж эмнэлгийн удирдлага сонгогдсон байгаа байх. Ямар зарчмаар хэрхэн сонгосон бэ?

- Анх удаагаа их сургуулийн эмнэлгийг байгуулж байгаа болохоор бэрхшээлтэй зүйл бишгүй байсан. Хамгийн наад зах нь ямар хууль тогтоомжоор зохицуулагдах вэ гээд. Гэхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цоо шинэ тогтолцоог бий  болгох гэж байгаа, анх удаа их сургуулийн эмнэлэгтэй болох гэсэн манай хамт олны хүсэл эрмэлзэл, мөн японы төслийн багийнхны хүчин зүтгэл, цаашдын их сургуулийн эмнэлгийн хөгжлийг зөв голдиролд нь оруулсан маш зоригтой шийдвэр гаргасны хүчинд бид жинхэнэ утгаар нь их сургуулийнхаа эмнэлгийг байгуулж чадлаа. Их сургуулийн эмнэлэг маань сургуулийнхаа салшгүй бүтэц, бүрэлдэхүүн байгууллага бөгөөд манай сургуулийн багш нар эмнэлэгтээ ажиллана, тэнхимийн багш нар маань эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг хариуцаж явуулна. Харин их сургуулийн эмнэлгийн даргыг Эрүүл мэндийн сайд томилохоор их сургуулийн эмнэлгийн дүрэмд тусгагдсаны дагуу их сургуулийн профессоруудын дундаас их сургуулийн саналыг харгалзаж, Монгол Улсын эрүүл мэндийн сайдын тушаалаар профессор Х.Алтайсайхан их сургуулийн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна.

- Их сургуулийн дэргэдэх сургалтын бааз эмнэлэгтэй болсноор дадлагын ажил, эмч нарын чадвар сайжирна гээд нийгэмд нэлээд хүлээлт үүсэж байна. Оюутан дадлагажигч нар эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээ илүү сайн суралцах бололцоо бүрдэнэ байх?

 - Тийм ээ. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж нь Монгол Улсад байхгүй тогтолцоог бий болгох, өөрөөр хэлбэл, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох гэж анхнаасаа зориулагдсан. Тийм ч учраас энэ төсөл өөрөө Японы чанар, стандарт бүхий их сургуулийн эмнэлгийн барилгын төсөл, Япон Улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл, Япон маягийн их сургуулийн эмнэлгийн менежментийг бий болгох техникийн хамтын ажиллагааны төсөл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Барилга, тоног төхөөрөмжийн төсөл ийнхүү дуусаж бид барилгаа хүлээж авсан. Харин менежментийн төсөл таван жилийн төсөл бөгөөд эхний хоёр жил нь дуусаад дахиад гурван жил үлдэж байгаа. Монгол- Японы сургалтын эмнэлгийн төсөл нь Монголд хамгийн анхны их сургуулийн эмнэлгийн хувьд “Эмнэл зүй”, “сургалт”, “судалгаа” гэсэн гурван үүрэг гүйцэтгэх учиртай. “Эмнэл зүй” нь ур чадвар болон чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. “Сургалт” гэдэг нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт явуулдаг сургалтын байгууллага болохыг хэлж байгаа юм. “Судалгаа” нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулах, эмнэл зүйн шинэ нээлтүүдийг хийхэд хувь нэмэр оруулах эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохыг илтгэж байгаа юм. Энэ гурван үүргийг гүйцэтгэснээр манай эмнэлэг нь өөрөө цоо шинэ инновац болж чадна. Ингэснээр ур чадварын болон чанарын хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхүйц эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэх, эмнэл зүйн чанартай боловсролыг олгох, судалгаа шинжилгээг олон улсын түвшинд явуулах тогтолцоо бүрдэж, оюутан, резидент, судлаач нарт илүү боломж нээгдэж байна.  Эцэст нь хэлэхэд манай эмнэлэг нь монголчууд эх орондоо Япон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол Япон хоёр орны ард түмний найрамдал, эв нэгдлийг бататгасан, Японы ард түмнээс Монголын ард түмэнд барьж буй чин сэтгэлийн бэлэг, үнэлж баршгүй өгөөмөр тусламж гэдгийг байнга санаж хичээн ажиллах болно.

- Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Билэгт гишүүнд япон эмнэлэг стандарт ямар байдгииг үзүүлнэ үү. Хавдар судлалын төвд ямар ч тоног төхөөрөмжгүй хагалгааны өрөө нь ашиглалтанд ороогүй байшингаа өгөх гээд л байх юм .Засгийн газар Эрүүл мэндийн яамныхан харьцуулаасай билээ дээ.Татвар төлөгч бидний л мөнгө шүү дээ

Онцлох мэдээ