...
...

Монгол бөхөнгөө хамгаалъя

        Өнөөдөр нийслэл хотод бусад өглөөг бодоход арай онцгой нэгэн өглөө эхэлж байна. Энэ бол иргэн бидний мэдэхээр зам хаах өдөр. Марафон болоод зам хааж байгаа учир гүйлтийн тэмцээнд баярламаар ч юм уу?, зам хаагаад марафонд гүйж байгаа болохоор автомашингүй өдөрт талархмаар ч юм уу? Гэж хүмүүс хошин ярилцана. “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн зургаа дахь жилдээ зохиогдож байгаа нь энэ. Уг тэмцээний маршрутын дагуу автомашины замыг хааж, автомашингүй өдрийг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг. Зүүн-4 замаас баруун-4 зам хүртэлх энэ маршрутад дуу хөгжим, инээд хөөр, хүмүүсийн шуугилдаан энэ өдөртөө л тасрахгүй, үргэлжилсээр. Жил ирэх бүр оролцогчид олширсоор байгаа марафоны энэ жилийн гүйлтэд  Дэлхийн байгаль хамгаалах сан болон Дотоод хэргийн их сургууль хамтран “Дэлхийд ганцхан Монгол бөхөнгөө хамгаалцгаая” уриатайгаар нэгдэн оролцож байгаа нь онцлог санагдсан юм. Харин энэ өдрийн аз жаргалтай иргэдийн дийлэнх нь “Бөхөн” гэж амьтны талаар төдийлөн сайн мэдэхгүй байлаа.

  Таван хошуу мал тэдэнд хамаарагдах нэршлийг бид сайн мэднэ. Тэгвэл хэржин, хэрэгчин гэвэл та дуулсан уу? Монгол бөхөнгийн эрийг хэрчин, эмийг хэрэгчин, үр төлийг янзага гэнэ. Дэлхий дээр ердөө монгол бөхөн, соргог бөхөн гэсэн хоёр төлийн бөхөн бий. Монгол бөхөн нь 2018 оны 12-р сарын байдлаар 3800 хүрэхгүй тоо толгойтой, дэлхийд нэн ховор амьтан юм. Зөвхөн Монгол оронд байдаг энэ амьтан үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд 14 мянгад хүрч тоологдож байжээ. Харьцуулахад хол зөрүүтэй тоогоор ховордсоны шалтгаанд цаг агаарын байдал ба зуд, идэш тэжээлийн хомсдол, малын мялзан зэрэг өвчин, хулгайн анчдын ан хамаарагдаж байна.

 Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм. Эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна. 

Говь цөлийн амьтны аймгийн идэш тэжээлийн гинжин холбооны төв хэсэгт энэ тууртан оршино. Сүрэглэж бөөнөөр явдаг туруутан энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Монгол бөхөн ийнхүү говь цөлийн орчин тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болж ургамал, амьтны аймгийн элдэв хэлбэр оршин тогтнох хэвийн байлгах чухал нөлөө, оролцоо ач холбогдолтой. Зарим тохиолдолд анагаах ухаанд ашигладаг ч одоо агнуурын нөөцгүй болжээ.

  Илэрхийлэн хэдхэн үгээр төлөөлсөн ч “Дэлхийд ганцхан Монгол бөхөнгөө хамгаалцгаая” гэсэн энэ уриа хэдэн хүний нүдэнд өртөө бол. Хэн нэгэн бөхөнг хайн судалж нэг үзсэн болов уу? Эсвэл уриа төдий л өнгөрсөн болов уу? гэж бодогдоно. Монгол улс Биологийн төрөл зүйлийн олон улсын конвенцийн гишүүн орон болсныхоо хувьд Монгол бөхөнгийн популяцийг устаж үгүй болох аюулаас авран хамгаалах үүрэгтэй.

   Өнөөдөр нийслэл хотод бас нэгэн шинэ өглөө эхэлж байна. “Дэлхийд ганцхан Монгол бөхөнгөө хамгаалцгаая” ...

 

СУИС-РТМУС Сэтгүүлчийн 3-р дамжааны оюутан

                                                                                                    Б.Тэгшчулуун

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ