...
...

Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн ослоор 539 хүн нас баржээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” Төрийн ордонд боллоо

Монгол Улсад сүүлийн гурван жилийн байдлаар 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 88 хүн нас барсан тоо баримт байна. Харин 2018 жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас баржээ. 2018 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт зонхилон тохиолдсон бол үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж буй хүмүүсийн дийлэнх хувийг 25-34 насны залуучууд эзэлж байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад 2018 оны байдлаар нийт 3143 хүн байгаагийн 2221 буюу 71 хувийг уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид эзэлдэг ба 11 жилээс дээш ажилласан иргэд илүүтэй өвчилсөн тоо мэдээ гарчээ. 2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй орчинтой байв.

Эдгээр тоо баримт бол Төрийн ордонд болсон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ы үеэр дурдагдсан мэдээлэл. Уг мэдээллээс Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа нь харагдана. Тиймээс ч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, есөн дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д оролцож, дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

ХАБЭА-н төрийн бодлогын үндэс нь “Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах”-д чиглэгддэг ба Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн билээ. Тиймээс энэ удаагийн чуулга онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн уул уурхай, дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг даган шинэ техник, технологи нэвтэрч байгаа нөхцөлд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх олон улсын стандартад нийцэхүйц өндөр түвшний лаборатори байгуулах, ХАБЭА-н стандартуудыг шинэчлэн олон улсын жишигт хүргэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг төлөөлөгчид дурдсан юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн ба тав дахь хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор батлуулж, олон улсад хэрэгжүүлж буй “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнтэй нийцүүлэн хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд ХАБЭА-н бүтэц, тогтолцоо, үндэсний болон салбар, орон нутгийн түвшинд бүрэлдэн төлөвшиж, үйл ажиллагаа нь тогтмолжоод байгаа юм байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 22 жилийн хугацаанд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “ХАБЭА-н 155 дугаар конвенци”-д 1997 онд нэгдэн орж, 2008 онд ХАБЭА-н бие даасан хуультай болсон. 2012-2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны стандартуудыг үндэсний стандарт болгосноор хууль эрх зүйн тогтолцоонд томоохон ахиц дэвшил гарсан. Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ. Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 539 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Нийт бүртгэгдсэн ослын  60 орчим хувь нь хүнд болон нас баралтанд хүргэсэн ослууд байгаа.

Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 онд 113 мянга байсан бол 2018 онд 33.2 хувиар нэмэгджээ. Нийт аж ахуйн нэгж байгууллагын 86 хувь нь 1-9 ажиллагчтай. Олон улсын жишгээр жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд үйлдвэрлэлийн осол гарах магадлал өндөр бөгөөд бүртгэгдээгүй осол их байдаг гэж үздэг. Тиймээс энэ удаагийн ХАБЭА-н үндэсний чуулганы өмнө тавигдаж байгаа зорилт бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтын тогтолцоог сайжруулах, ХАБЭА-н талаарх ажиллагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэнэ” гэсэн юм.

Чуулганы үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат үйлдвэрлэлийн осолд орсон иргэдийн 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг болохыг онцолж байлаа. Тэрбээр “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 2943 хүнээс хөдөлмөрийн чадвар 40-49 хувь алдсан 230 хүн, 50-69 хувь алдсан 2090 хүн, 70-аас дээш хувь алдсан 823 хүн байна. Эдгээр иргэдийн 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байна. Түүнчлэн манай улс химийн бодисын үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэглээ бага, түүнд тавих хяналт, бүртгэл хангалтгүй байдгаас ажилтнууд хурц хордлогод өртөх тохиолдлууд гарсаар байна. Энэ нь ажилтнуудыг ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй орчинд ажиллуулж, үүний улмаас эрүүл мэнд, бие махбодод сөрөг нөлөөлөл үзүүлж, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэж болно” гэлээ.

Эдгээр тоо баримт болон салбарын удирдлагуудын мэдээлэлд тулгуурлан чуулганд оролцогсод хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутаг болон салбарын ХАБЭА-н бодлого үйл ажиллагааны уялдааг сайжруулах, хяналт удирдлагын тогтолцоо, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт, оношлогоо, нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргах талаар оновчтой шийдлийг эрэлхийлж, төрийн бодлогод тусгах үнэтэй саналаа чуулганд оролцогсод хэлж байсан юм. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр даатгалын системийг боловсронгуй болгохыг сануулж байлаа.

2018 оны байдлаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн орлого 171.2 тэрбум төгрөгт хүрсэн ба  тус сангаас даатгуулагчид олгож буй төлбөр, зардлын нэг хувийг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны зардалд зарцуулдаг байна. Гэвч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, осолдогчийг хуучин ажлын байранд нь эгүүлэн ажиллуулахад эрүүл мэндийн болон мэргэжлийн нөхөн сэргээлт хийх, тэдгээрийн санхүүжүүлтийн эрх зүйн орчин бүрдээгүйг чуулганы үеэр хэлж байв. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж. Түүнчлэн ХАБЭА-н хяналтын чиглэл, арга хэлбэрийг шинэчилж, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, өргөдөл гомдолд үндэслэсэн гэнэтийн хяналт шалгалтыг зөв зохистой хослуулах замаар хяналт шалгалтын хэлбэрээ өөрчлөх шаардлагатайг зөвлөсөн.

Харин ХНХ-ын сайд С.Чинзориг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81”, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129”, “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167” зэрэг конвенциудад Монгол Улс нэгдэх асуудлыг хэрэгжүүлж байгааг дуулгасан юм. Мөн ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагад ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх талаар “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаа илэрхийлж байлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ