...
...

10 га газарт 8000 мянган мод суулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээг өнөөдөр /2019.05.11/ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаныхан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, Жаргалант тосгоны иргэдийн төлөөлөл, 74 дүгээр сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсон юм.

10 жилийн хугацаанд 100 га талбайг ойжуулна

Оролцогчид Жаргалант тосгоны "Мөрөөдлийн ой“ төслийн талбайд мод тарьцгаалаа. Нийт 100 га хэмжээтэй талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулах замаар нийслэлийн ногоон бүсэд цөлжилтөөс хамгаалах ногоон төгөл байгуулах зорилго тавьжээ. Уг талбай нь өмнө нь хогийн цэг байсан юм. Ойжуулалт хийснээр бохирдож муудсан газрыг нөхөн сэргээх давхар ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа.

Түүнчлэн манай орны салхины чиглэл баруун болон баруун хойд зүгээс урсгалтай. Салхины дээд хэсэгт ойжуулалт хийх нь тоосжилтыг бууруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, төгөл, ойг дагасан бичид эко систем үүсэх зэрэг олон ач холбогдолтой аж. Мөн нийслэлийн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж буй. Иймээс Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас тус тосгонд "Мөрөөдлийн ой" төгөл байгуулахаар 100 га талбайг хамгаалалтад авчээ.

Таван төрлийн модтой төгөл бий болно

"Мөрөөдлийн ой" төгөлийг Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд байгуулах аж. Ойжуулалтын ажлын энэ жилийн арга хэмжээний онцлог нь орон нутгийн иргэд, хүүхдүүдийг татан оролцуулж, мөн БХБЯ, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргасан хоёр төрлийн бордоог ашигласан явдал байв.

Өнгөрсөн жил улиас мод тарьсан бол энэ жил хайлаас тарьж байгаа юм. Дараа жилүүдэд голт бор, шинэс, нарс зэргийг тарьснаар таван төрлийн модтой сүрлэг сайхан ногоон төгөл бий болох нь ээ. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд энэхүү төгөлд 10 мянган мод суулгасан бол өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд 10 га газарт 8000 мянган мод суулгалаа.

Органик бордоо ашиглав

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын ярьснаар хайлаас нь төгөл байгуулсан уг талбайн хөрсөнд тариалахад тохиромжтой мод аж. "Мөрөөдлийн ой" төгөлд суулгасан моддыг органик бордоогоор бордож буй нь энэ жилийн мод тарих үйл ажиллагааны онцлог юм. Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг аж. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан учир хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлж, ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлнэ.

Гэмтсэн амьтдыг хамгаалах төв Монгол Улсад ганцхан байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй холбогдох албаныхан мөн "Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв"-д ажиллалаа. Тус төв энэ оны эхний таван сарын байдлаар 19 амьтныг эмчилжээ. Суурьшлын бүсийн тэлэлт, хур тунадасны горим өөрчлөгдсөний улмаас ойн дагалдах баялаг буюу самар, жимсний гарц багасаж байгаа аж. Үүний улмаас зэрлэг амьтад хоол тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирэх болсон байна. Амьтад нохойд хазуулах, авто зам руу орж машинд мөргүүлэх зэргээр гэмтэж байгаа аж. Иймээс гэмтсэн амьтдыг хамгаалахаар энэхүү төвийг өнгөрсөн онд байгуулжээ. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монгол Улсад ганц л байгааг албаныхан хэлж байсан юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва дээрх төвийн үйл ажиллагааг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөхөө хэлсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ